Хүүхдийн уналт таталт өвчний тухай уналт таталтын үеийн анхны тусламж үзүүлэх арга

1. Уналт таталт өвчин гэж юу вэ?

Эпилепси буюу уналт таталт өвчин нь том хүнтэй харьцуулахад хүүхэд насанд элбэг тохиолддог бөгөөд гэр бүл, амьдрал ахуйд дарамт учруулдаг, хүүхдийн бие, сэтгэл зүйд айдас түгшүүр үүсгэн зарим тохиолдолд нийгмийн зүгээс үл ойлголцол төрүүлэхүйц нөлөө үзүүлдэг мэдрэлийн тогтолцооны түгээмэл эмгэг билээ.

Таталт гэдэг бол булчингийн нэгэн жигд хэмнэлээр, гэнэтийн санамсаргүйгээр агших агшилт юм.

Таталт нь маш олон хэлбэртэй байхаас гадна тэр нь хүүхдийн нас болон шалтгаанаас хамаарч өөр өөр байх жишээтэй. Бүх таталт нь тархмал болон хэсэгчилсн гэсэн 2 үндсэн хэлбэртэй ба эдгээр нь дотроо хэд хэдэн хэсэгт хуваагддаг.

Жишээ нь: Нярай болон бага насны хүүхдэд ээрч хөхрөх, амьсгалаа түгжих, хөхөх, амаа тамшаалах, толгой дохих, гэдийх, мөрөө хавчих, нүд чичирхийлэх ба сөлийх, гар хөлийн хөвсөн хөдөлгөөн эсвэл чичирхийлэх гэх мэтийн биеийн дээд мөчдийг хамарсан хэсэгчилсэн таталтаас эхлээд ерөнхий тархмал таталтууд ч илэрч болно.

Том насны хүүхдэд гэнэт гөлрөх буюу хийж байсан зүйлээ орхин идэвхгүй болон гадны цочролд хариу урвал үзүүлэхгүй болох, бүх биеийн булчин нумарч чангарах чичэрхийлсэн тархмал таталтууд зонхилдог.

Гэвч таталт болгон өвчин биш байдаг, зарим нь жинхэнэ уналт таталт өвчин байхад зарим нь аяндаа эдгэрдэг.

Ер нь хүүхэд анх удаа татаж байгаа бол эмнэлэгт хандан оношлогоо хийлгэж, шалтгааныг тодруулах, хэрэв давтан татаж байгаа болон таталтын эсрэг эм ууж байгаа тохиолдолд хяналтын эмчдээ хандах хэрэгтэй.

2. Таталтын шалтгаанууд

Таталтын шалтгаан нь наснаас хамааран янз бүр байдаг. Нярай үеийн таталтын шалтгааны зонхилох эмгэгүүд нь тархины хүчилтөрөгч, цусан хангамжийн дутмагшил, халдварууд, бодисын солилцооны өөрчлөлтүүд түүний төрөлхийн гажгууд, цус харвалт, тархины бүтцийн гажгууд байхаас гадна шалтгаан тодорхой бус байх тохиолдол байдаг. Мөн бага насны хүүхдэд халууралтын, амьсгал түгжилтийн буюу уйлахдаа ээрч хөхрөх таталт элбэг байдаг. Халууралтын таталт нь ямар нэг халдварын эхний үед 380-с дээш халуурсан тохиолдолд ихэвчлэн илэрдэг. Амьсгал түгжилтийн таталт нь ямар нэг таталтын эсрэг эмчилгээ шаарддаггүй.

Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн таталтын шалтгаанд тархины халдварууд /мэнэн, энцефалит/, хавдар, хордлогууд, тархи нугасны гэмтлүүд /тархи доргих, цус харвах гэх мэт/ нь зонхилох байрыг эзэлдэг. Мөн сэтгэл санааны тогтворгүй, таагүй байдлаас үүссэн уналт таталт ч байдаг. Энэ нь ихэвчлэн өсвөр насныханд илүү тохиолдоно.

Үүнээс гадна удамшлын шинжтэй уналт таталт байдаг. Ер нь шалтгаан тодорхой бус таталт нь жинхэнэ уналт таталт байхаас гадна удаан хугацааны эмчилгээ шаарддаг. Шалтгаан нь тодорхой таталт амархан намжиж, эмчилгээ шаарддаггүй, хүүхэд өөрөө эрүүл байх жишээтэй.

3. Уналт таталтын үеийн анхны тусламж

Таталт нь ихэнх эцэг эхчүүд ойр тойрныхныг нь сандралд оруулдаг. Татах үеийн бодит аюул нь ухаан алдах, унаж бэртэх юм. Иймээс эцэг эхчүүд анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмшсэн байх шаардлагатай. Анхны тусламжыг дараах байдлаар үзүүлнэ.

· Хүүхдэд таталт илэрсэн даруйд өргөн ор эсвэл шалан дээр байрлуулж, аль болох хурц ирмэгтэй зүйлээс холдуулна.

· Хажуугаар нь хэвтүүлнэ. Энэ нь хэл болон шүлс амьсгалын замд орж бөглөрөхөөс сэргийлнэ.

· Аманд юм хийх, хуруугаараа хэлэн дээр дарахыг хориглоно.

· Ихэнхдээ таталт нь хэдэн секундээс 2-3 минут үргэлжилдэг.

Таталт намжсаны дараа:

· Хүүхэд амьсгалж буйг шалга. Хэрэв амьсгалахгүй бол зохиомол амьсгал /ам амаар/ хийнэ. Харин таталтын үед зохиомол амьсгал хийж болохгүй.

· Хүүхдийг бүрэн сэргэтэл орхиж явахгүй байх, яагаад гэвэл таталт нь дахин давтагдаж болох учраас

· Таталт бүрэн намжаагүй тохиолдолд хүүхдэд уух эм болон шингэнийг өгөхгүй байх, яагаад гэвэл хүүхэд залгиж чадахгүй.

· Хэрэв хүүхэд халуунтай байвал шулуун гэдсээр парацетамол лаагаар хийнэ.

Түргэн хэзээ дуудах вэ?

· Таталт нь хүүхдэд анх удаа илэрч байвал

· Таталт 5-с дээш минут үргэлжилвэл

· Татах үедээ хүүхэд гэмтвэл /юм мөргөх, түлэгдэх гэх мэт/

· Таталтын дараа хүүхэд хүнд байдалтай, амьсгал нь жигд бус байвал

4. Таталтын эсрэг эмчилгээний талаар эцэг эхчүүд юу мэдэх шаардлагатай вэ?

· Эмчийн заасан эмчилгээний төлөвлөгөөг дагах хэрэгтэй.

· Татсан хүүхэд бүр таталтын эсрэг эмчилгээ шаарддаггүй.

· Таталтын эсрэг эмийг хүүхэд бүрт тусад нь таталтын хэлбэрээс нь хамаарч сонгодог.

· Таталтын эсрэг эм нь таталтын зарим хэлбэрт үр дүнтэй байхад заримд нь үр дүнгүй байдаг.

· Ихэнхдээ нэг эм сонгоход хангалттай байдаг.

· Эмийн 80% нь таталтыг намжаадаг.

· Таталтын эсрэг эмийн ихэнх нь унтамхай болох, анхаарал, идэвх сулрах, дотор муухайрах, хоолонд дургүй болох зэрэг гаж нөлөө үзүүлдгийг мэдэх хэрэгтэй.

· Ямар ч тохиолдолд эмийг гэнэт зогсоох, таслах эсвэл тунг өөрчлөх /эмчийн зөвшөөрөлгүй/ нь гаж нөлөөг ихэсгэж, таталтыг сэдрээж болдогийг анхаарна.

· Хүүхдийг эмээ өөрөө бие даан уухад нь сургах ба хэзээ ч хүүхдэд бүрэн хариуцлагыг хүлээлгэхгүй байх.

· Таталтын эсрэг эмийг нэг ч өдөр таслахгүй тогтмол, удаан жилээр эмчийн хяналтанд ууж хэрэглэснээр үр дүнд хүрдэг.

· Эмийг эмчийн хяналтанд 2-5 жил ууж тархины цахилгаан бичлэгт өөрчлөлтгүй болсон үед эмийн тунг аажим буулгаж хасна.

ЭХЭМҮТ

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …