Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаг ээлжит мэдээллийн цагаар агаарын бохирдол түүнийг бууруулах арга замын талаар Дэлхийн банкны Улаанбаатар хотын Төслийг удирдах нэгжийн хяналт шинжилгээ үнэлгээ, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Нямсүрэн мэдээлэл өглөө. Тэрээр нийгмийн ажилтан, сэтгэл зүйч мэргэжилтэй, олон нийтийн оролцоо, сайн засаглалыг бэхжүүлэх хөтөлбөрийн чиглэлээр 17 дахь жилдээ ажиллаж байгаа судлаач юм.
Улаанбаатар хотын өрх бүр жилдээ нэг мод тарихад агаарын бохирдлыг 72 хувь бууруулж чадна
Өнөөдөр агаарын бохирдол нь нийслэлээс хальж, зарим аймаг орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудал болоод байгаа. Улаанбаатарт агаарын бохирдол хүлцэх түвшнээс хэдийнэ хальж, дэлхийн дундажаас 5-6 дахин их байгаа судалгаа байна. Тиймээс өнөөдөр агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн төр, захиргааны байгууллагаас шийдэл хүлээх биш, хүн бүхний оролцоо чухал гэдгийг мэдээлэлд онцоллоо.
3-5 километрт машинаас татгалзах, баглаа боодлоос татгалзах, үнэртнээс татгалзах, ашиглаагүй гэрлээ тогтмол унтраах, гэр, орон сууцаа дулаалах, мэдээллээ хуваалцах, мод тарих зэрэг энгийн дадлаас эхтэй тул хүн бүр ялангуяа дүүргийн албан хаагчид иргэдтэй ойр ажилладаг учраас мэдээллээ хуваалцахаас эхлэх хэрэгтэй гэлээ.
Улаанбаатар хотын өрх бүр жилдээ нэг мод тарихад агаарын бохирдлыг 72 хувь бууруулж чадах юм байна.
Тиймээс хүн бүр хичээцгээе.