“Монгол ур чадвар” тэмцээн өрөг, сантехникийн мэргэжлээр үргэлжилж байна

Хөдөлмөр, нийгмийн яамны санаачилгаар техник мэргэжлийн байгууллагууд, олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Монгол Ур чадвар-2016” тэмцээний сүүлийн шалгаруулалт энэ өдрүүдэд болж байна. Өчигдөр гагнуур, мужааны төрөл Улаанбаатар хотод, цахилгааны төрөл Дархан-Уул аймагт болсон юм. Харин өнөөдөр Барилгын технологийн коллеж дээр барилгын өрөгч, сантехникийн мэргэжлээр ур чадвараа сорьж буй залуучууд ялагчийн төлөө өрсөлдөж байна. Тэдний дундаас шалгарсан хоёр оролцогч ирэх 7 дугаар сарыг хүртэл Монголд болон Холбооны бүгд найрамдах Герман улсад бэлтгэл сургууль хийж, дадлагажин, ур чадвараа улам сайжруулах юм. Эцсийн дүнд нэг оролцогч нь 10 дугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохион байгуулагдах олон улсын ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөн ур чадвараа сойно.

 

Манай улсад мэргэжлийн боловсрол, сургалтын 37 байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд тэдгээрээс шигшигдсэн суралцагсад урьд урьдны шатанд оролцсон. Харин өнөөдөр тэднээс шалгарсан нь олон улсад эх орноо төлөөлөх эрхээ олж авахаар өрсөлдөж байгаа. Манай улс 2015 онд Бразил улсад зохион байгуулагдсан ур чадварын тэмцээнд техник мэргэжлийн 8 төрлөөр анх удаа оролцож, чамгүй амжилттай эргэж ирснээс хойш дараагийн тэмцээний бэлтгэл, сургуулилтад ихээхэн анхаарч ирсэн. Тийм ч учраас шат шатны тэмцээн бүрийг олон улсын стандартын дагуу зохион байгуулж, даалгаврыг хүртэл дэлхийн тэмцээнд өгсөн ёсоор хийлгэж, шүүх үнэлгээг ч олон улсын түвшинд хүргэсэн байна.

Маргааш буюу 20-ны өдөр шилдэг оролцогчид шалгарах бөгөөд үндэсний тэмцээнд тэргүүлсний шагналаа гардаж, олон улсын тэмцээнд оролцох батламжаа гардаж авна.

ЭХ СУРВАЛЖ: ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …