Сүүлийн үед хүний санаанд багтамгүй хэргүүд гарч, олон нийтийг цочроох болсны нэг нь дутуу төрөөд есхөн хонож буй үрийнхээ цээж, хоолой, хэвлийд нь зүүгээр олон удаа шивж, амийг нь егүүтгэхийг оролдсон хэрэг байлаа. Баянхонгор аймагт гарсан тус хэргийг мөрөөр аймгийн хууль хяналтын байгууллагынхан хүний амийг санаатайгаар бүрэлгэх гэсэн үндэслэлэээр сэжигтэн Ц-д эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. 26 настай Ц нь Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт Жаргалант сумаас ирж нярайлсан аж. Эмнэлгийнхэн “Дутуу төрсөн нярайг инкубаторт ес хоног байлган, амьдрах чадвартай болсон гээд ээжид нь өгсөн. Гэтэл цээж, хоолой, хэвлийдээ шархтай бие нь муудсан учраас шалгаж өгөөч” гэсэн дуудлага цагдаад өгчээ. Нярайг нарийвчилсан шинжилгээнд хамруулахад биенд нь олон тооны төмөр шигдсэн байсан бөгөөд хагалгаа хийж, тариурын хугархай зургаан ширхэг зүү гаргаж авсан байна. Сэжигтэн эхэндээ эмч нарыг ийм зүйл хийсэн байх гэж буруутгахыг оролдсон ч удалгүй хэргээ хүлээжээ. Тэрээр ой зургаан сар хүрээгүй хүүхэдтэй. Жирэмсэн болоод дутуу төрсөн учраас хүүхэд хүн болох найдваргүй гэж бодоод ийм алхам хийсэн гэжээ. Хүү нэг кг 800 грамм жинтэй төрсөн бөгөөд одоогоор биеийн байдал сайн байгаа гэнэ.
Э.Ариун