МАН-ынхан АН-ын даргын сунгааны хөлд чирэгдэж эхэлжээ

 

Нэгдүгээр сарын 22. Ням гариг. АН-ын даргыг сонгох сунгааны 26 дахь уулзалт Соёлын төв өргөөнд бага үдэд эхлэв. АН-ын даргад нэрээ дэвшүүлсэн таван эрхэм Баян-Өлгий, Увс, Ховд аймаг дахь намын гишүүдтэйгээ уулзаад урд шөнө ирмэгцээ хэдхэн цагийн дараа Сүхбаатар дүүргийн АН-ын гишүүдтэй уулзаж байгаа нь энэ.

Нийслэлийн дүүргүүдийн АН-ын гишүүд эдгээр таван хүнийг хэн нь хэн бэ гэдгийг маш сайн мэдэх учраас өөрсдийгөө дэлгэрэнгүй танилцуулах шаардлага бараг байсангүй. Өнгөрсөн хугацаанд орон нутагт болсон уулзалтуудыг хөтөлж явсан С.Эрдэнэболд энэ удаа хэн нь түрүүлж мөрийн хөтөлбөрөө танилцуулах вэ гэдгийг шодоход нэр дэвшигч Д.Эрдэнэбатад “салхи хагалах” үүрэг оногдов. Тэрбээр АН-ын даргаар сонгогдвол яаж ажиллах, ямар бодлого чиглэл барих талаараа дэлгэрэнгүй танилцуулсны дараа “Бид хорин нэгэн аймгаар хөндлөн гулд явж гишүүдтэйгээ уулзахдаа намын эв нэгдэл ямар чухал болохыг, мөн гишүүд маань үүнд ямар их санаа зовж байгааг чихээрээ сонсч, нүдээрээ харлаа. Итгэлцэл, эвлэлдэн нэгдэх чанар байхгүй бол намын шинэчлэлийн тухай яриа байхгүй гэдгийг мэдэрлээ. Соёлын төв өргөөний энэ танхимд 12-р сарын 6-нд АН-ын 6-р их хурал хуралдаж, намын даргаа нийт гишүүдээсээ сонгох нь зөв гэсэн түүхэн шийдвэр гарсан. Ардчилсан нам байхгүй болж, дуу хоолой нь үгүй болбол Монголын тусгаар тогтнол байхгүй болох улс төрийн эгзэгтэй цаг үе ирээд байна” гэв. Түүний дараа АН-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Надад талцах фракц, бүлэглэл гэсэн юм байхгүй. Манай намын гишүүдийн 95 хувь нь фракцгүй юм байна.

Энэ сайн хэрэг. Нийт гишүүдийн дийлэнх нь сонгосон намын даргад бүх гишүүд итгэж ажлыг нь нэг дуугаар дэмжих хэрэгтэй. Ингэж чадвал бид ялна” гэлээ. Нэр дэвшигч Лу.Гантөмөр бол Сүхбаатар дүүргээс таван удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж дөрвөн удаа УИХ-д сонгогдсон ерөнхийдөө энэ дүүргийн АН-ын үүрийн гол лидер ч гэж хэлж болох нэгэн билээ. Тиймдээ ч “Миний улс төрийн амьдралын 18 жил энэ дүүрэгтэй холбоотой.

Намайг 26-хан настай байхад Сүхбаатар дүүргийн АН-ынхан 100 хувийн саналаар УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж би Мөрөн хурандаатай өрсөлдөөд ялагдаж байлаа. Түүнээс хойш энэ дүүрэгт дөрвөн удаа нэр дэвшиж, дүүргийнхэн маань дөрвөн удаа надад итгэл үзүүлж дэмжсэний хүчинд би дөрвөн удаа ялсан. Үзэл санаагаараа үргэлж цуг байж, хамтдаа зүтгэж, хамтдаа хөгжлийн зүг зорьж явдаг та нартаа баярлалаа” гэж онцлон хэлээд “Монгол улс уул уурхайн орд газраа биш оюун ухаанаа ухаж амьдардаг, өндөр хөгжилтэй, нийтээрээ бүтээлч, шинжлэх ухааны орон болох ёстой” хэмээн өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.

Харин С.Эрдэнэ нэр дэвшигч “Намын даргын сунгаанд нэр дэвшсэн бусад нөхөддөө хандан би эв нэгдэлтэй байцгаая гэсэн уриалга гаргасан. Биднийг харлуулсан, гүтгэсэн, хагалсан утга санаатай мэдээлэл сүүлийн хэд хоногт маш их цацагдаж байна. Ийм гүжир гүтгэлэг ихсэх тусам бид улам нягтарч эвлэлдэх ёстой. АН-ын гишүүд ямар эв нэгдэлтэй юм бэ гэдгээ одоо л харуулах ёстой. Энэ намынхан тийм ч амархан хагарч бутрахгүй юм байна гэдгийг харуулж чадвал бид ийм сунгаа хийсний хэрэг ч гарна” хэмээж байв.

Намын даргад нэр дэвшигч Н.Алтанхуяг ч түүний үгийг дэмжин “Бид өнөөдөр ганцхан намдаа итгэх итгэлийг буцаан авчрах гэж байгаа биш, намынхаа эв нэгдлийг бататгах гэж байгаа биш гэдгийг та бүхэн ойлгож байгаа биз ээ. Бид Монголын ард түмний төрдөө итгэх итгэлийг буцаан авчрах гэж, алдарч суларсан эв нэгдлийг сэргээх гэж, үгүй болсон ардчилал шударга ёс, шударга ялалтыг эргээн сэргээх гэж хамтдаа зүтгэж явна” хэмээн хэлж байлаа.

Соёлын төв өргөөнд болсон уулзалт дөрвөн цаг гаруй үргэлжилж, АН-ын гишүүд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг нухацтай гэгч шүүн ярилцсан юм. Уулзалтын төгсгөлд Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга “МАН-ынхан манай намын сунгааны хөлд чирэгдэх нь гээд их сандарч байна. МАН-ын гишүүд АН-ынхан шиг бүх гишүүдийнхээ дуу хоолой, үзэл бодлыг сонсч намын даргаа сонгодог болмоор байна гэж санал гаргаад эхэлсэн байна. Энэ бол Монголын улс төрд шинэчлэлт хийгдэж эхэлсэний тэмдэг” гэсэн билээ. Нээрээ ч АН-ынханы намдаа хийсэн шинэчлэлт Монголын улс төрд ч бас шинэчлэлт хийж байгаа нь лав. Үдээс хойш АН-ын даргад нэр дэвшигчдийн сунгаа Хан-Уул дүүрэгт үргэлжиллээ.

Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Б.Галсансүх

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …