Өнөөдөр МЖДҮХАҮ-ийн дарга Г.Дүгэр “Хүчит шонхор” захын удирдлагууд талбайн түрээсээ дөрөв дахин нэмж 1 сая төгрөг болгосон тухай мэдээлэл өглөө.
Тодруулбал, Өнгөрсөн бямба гаригт захын удирдлага гадаа павилонд мах бөөнөөр худалдаалдаг 50 түрээслэгчийг дуудан, 12 кв/м талбайн түрээсээ 250 мянган төгрөг байсныг болиулж 1 сая төгрөг болгосон тухай мэдэгдсэн байна. Түрээслэгчид болон үйлдвэрчний эвлэлийнхэн түрээсээ ямар учраас нэмж буй шалтгааныг лавлахад “удирдлагаас ямар ч тайлбар өгөөгүй бөгөөд бараг төлөхгүй бол гарч болно өөр түрээслэх хүмүүс зөндөө олон байна” гэх жишээний юм ярьжээ.
Захын удирдлагуудын шаардаж буй түрээсийг кв/м нь хувааж үзвэл түрээслэгчид бараг 1кв/м талбайг 47 мянган төгрөгөөр түрээслэх болж байгаа юм. Гэтэл энэ үнэ нь Нийслэл хотод байгаа дээд зэрэглэлийн барилгуудын кв/м-ын үнэтэй дүйж байгаа аж. Мөн өөр ямар ч худалдааны төвүүдэд ийм өндөр үнээр талбай түрээслэдэггүй бөгөөд бүр кв/м нь 8 мянган төгрөгийн үнэтэй худалдааны төвүүд ч байдаг байна.
Ер нь захын удирдлагууд ганц энэ ч биш байнга дур мэдэн үнэ нэмэх, торгох зэргээр наймаачдыг дарамтлаж байдаг бөгөөд юуны учраас яагаад торгож байгаа талаар огт хариулт өгдөггүй гэнэ. Тухайлбал, “захирлын өрөөний үүдэнд халтирч уналаа гэж 10 мянган төгрөгөөр торгох, түрээсээ 20 мянгатын дэвсгэртээр төлөөгүй, ажлын байран дээр хуушуур идсэн, түрээсээ 10 минут хоцорч тушаасан” гэх зэргээс шалтгаалан торгосон тохиолдол ч гарсан байна. Энэ мэт асуудлаар захын үйлдвэрчний эвлэл удирдлагуудтай холбогдож түрээслэгчдийн эрхийг зөрчиж буй асуудлыг таслан зогсоох арга хэмжээ авах гэдэг ч бүр үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг “энэ ажлаа зогсоохыг шаардан, захын дотор болж буй үйл явдлын талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байх” ам өчиг авах зэргээр дарамтладаг гэнэ.
Г.Дүгэрийн хэлснээр “Хүчит шонхор” захын удирдлагууд нь худалдаа үйлчилгээ эрхлэж буй бусад үйлчилгээний төвүүдээс хамгийн том толгойтой нь бөгөөд байнга хөдөлмөрчдийн эрх ашгийг зөрчдөг аж. Мөн үйлдвэрчний эвлэлээс түрээслэгчдийн эрх ашгийг зөрчсөн эл үйлдлийн талаар “Хүний эрхийн үндэсний коммис”, “ШӨХТГ”-т захидал илгээсэн байна.
Эл асуудал нь зөвхөн “Хүчит шонхор” захын мах түрээслэгчдийн асуудал биш бөгөөд хэрэв түрээсийн үнийг өндөр үнээр тогтоовол түрээслэгчид ч махны үнээ нэмж, нийслэлчүүд 1 кг махаа бараг 10 мянган төгрөгөөр ч авч чадахгүйд хүрэх юм. Тиймээс тус захын удирдлагуудын эл даварсан үйлдлийг яаралтай таслан зогсоох хэрэгтэй байна.
Л.Бадрах.ugluu.mn