Хөлийн голд “V дулааны цахилгаан станц”-ыг барина

download (1) УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж V  дулааны цахилгаан станц барих газрын сонголтын талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Эрчим хүчний яамны мэдээллийг сонслоо. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу V дулаан цахилгаан станцыг Хөлийн голд барихаар болжээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хорооллын урд талд 43 га газарт тус станцыг барих шийдэлд хүрсэн байна. Дулааны цахилгаан станцыг Концессын гэрээгээр барьж байгуулна. Хүчин чадал нь 450 мвт байх гэнэ. Концессын гэрээгээр барьж байгуулах боломжтой хэмээн үзсэн хоёр консерциум мөн шигшигдэж үлджээ.

Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд яагаад V дулааны цахилгаан станцыг Хөлийн голд барих шийдвэр гаргав гэдэгт гишүүд хариулт нэхсэн юм. Учир нь өмнөх Засгийн газрын үед III дулааны цахилгааны станцыг түшиглэн тус дулааны станцыг барих шийдвэрийг гаргасан байтал түүнийг өөрчилж, Богд хан уул, Туул голын ай сав газарт хамаарах бүс рүү шилжүүлсэн явдал нь эргээд байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүрч, амьтан, ургамлын эко системд сөрөг нөлөө үзүүлэх вий гэсэн болгоомжлол байгаагаа УИХ-ын гишүүн Я.Содбаатар тодотгож байв. Мөн тэрээр дэлхий нийтийн жишгээр бол нүүрсний орд газрыг түшиглэн дулааны, цахилгаан станц барьж байгуулах нь тээвэрлэлтийн зардлыг бууруулахаас эхлээд олон талын ач холбогдолтой. Багануурын уурхайн дэргэд шинэ дулааны цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн бол Хөлийн голоос чухал газраа олсон сонголт байх юм биш үү гэж байв.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын тайлбараар бол III цахилгаан станцыг түшиглэн V дулааны цахилгаан станц барихад газар нь хүрэлцэхгүй хүндрэлтэй байдал үүссэн. Нийт 10 гаруй аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлэхийн зэрэгцээ газрын нөхөн төлбөрт зориулж 54 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай болсон. Газар чөлөөлж, улсын төсвөөс нөхөн төлбөр гаргаж, тус станцыг дээрх газарт байгууллаа гэхэд хоёр сая тонн нүүрс хэрэглэж байж, дулаан, цахилгаан гаргана. Гэтэл энэ их хэмжээний нүүрсийг Улаанбаатар хот руу тээвэрлэн оруулахад төмөр зам, тээврийн зардал гээд асар их хэмжээний зардал урсгалаар гарах нөхцөл байдал үүсэх дүр зураг гарсан аж. Хэрвээ Улаанбаатар хотын зүүн хэсэгт шинэ дулааны цахилгаан станц баригдвал хот тус зүг рүү тэлэхэд эх үүсвэр бэлэн болно. Үүнээс өмнөх бүх станцууд хотын баруун зүгт байрласан байдаг аж. Багануурын уурхайн дэргэд зөвхөн цахилгаан станцыг байгуулна. V станц нь дулааны эх үүсвэрийг мөн гаргах ёстой. Энэ мэтчлэн олон асуудлыг судалж, тооцоо хийсний үндсэн дээр Хөлийн голд тогтжээ.

Хэлэлцүүлгийн үеэр хөндсөн хоёр дахь асуудал нь өчнөөн жил V дулааны цахилгаан станцын тухай ярьж байж, одоо зөвхөн газрын асуудлыг шийдээд байгаа нь хурдацтай өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээний хурдыг гүйцэхгүйд хүрэх талтай тул  тус дулаан, цахилгаан станцын Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг яаралтай  гаргах шаардлагатайг санууллаа.

Холбогдох албаны хүний тайлбарласнаар ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэргийг гаргахад дөрвөн сарын хугацаа шаардах юм байна.

Харин санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Монгол Улсын өнөөдрийн эрчимтэй хөгжилд цахилгааны хомсдол яах аргагүй хүндрэл үүсгэж байна. Иймд цахилгаан, дулааны асуудлыг шийдвэрлэхдээ зөв шийдэлд хүрэх ёстой. Миний хувьд тавдугаар цахилгаан станцын байршлыг буруу газарт шийдсэн гэж ойлгож байгаа. Юуны өмнө усны нөөцийн асуудал маш хүндээр тусна. Хөлийн гол ширгэх асуудал энүүхэнд байна. Багануурын нүүрсийг ашиглана гэж байгаа. Цацраг идэвхт бодис тодорхой хэмжээгээр ялгарна. Салхины зүг чигээр байнгын нүүрс, үнсний тоос улаанбаатарчуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө, агаарын бохирдол тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Дулааны, цахилгаан станц ажиллаж эхлэхэд асар их гэрэл гаргана, дуу чимээ бол бүр их. Үүнээс болж амьтад дайжина, дүрвэнэ гээд энэ бүгдийг тооцож үзсэн нарийн судалгаа хэрэгтэй. Ямар ч үнэ цэнээр хамаагүй дулааны цахилгаан станцтай болно гэж үзвэл буруу. Асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах хэрэгтэй. БОНХЯ нарийвчилсан үнэлгээ хийхдээ жинхэнэ мэргэжлийн бодитой байр суурьнаас хандаасай гэж бодож байна. Уг нь өөр газар барих боломжтой олон бий “ хэмээн сануулсан юм. Г.ДАРЬ news.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …