Нийслэлийн харьяа агентлагууд нээлттэй ажлын байр зарлалаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагыг өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр сэлбэн бэхжүүлэх, төрийн албанд орох боломжийг нээх, нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад тэднийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ажлын байрны нээлтэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг ирэх хоёрдугаар сарын 2-ны пүрэв гаригт Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт зохион байгуулагдах аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нар пүрэв гаригт зохион байгуулагдах Ажлын байрны нээлттэй өдөрлөгийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

“Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хоёрдугаар сарын 2-ны өдөр нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 33 агентлаг, нийслэл, орон нутгийн өмчит 40 орчим аж ахуйн нэгж байдаг. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг өдөрлөгийн үеэр олон нийтэд танилцуулах юм” хэмээн НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр ярилаа.

НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Улаанбаатар хот бол Монгол Улсын нийт хүн амын 50 хувь орчим нь амьдарч, ажиллаж байгаа том хот юм. Нийслэлийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд үе үеийн залуус гар бие оролцож, манлайлж ирсэн түүхтэй. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажилд иргэдийн оролцоо, залуучуудын мэргэжил боловсрол, мэдлэг чадварыг татан оролцуулах шаардлага байгаа юм. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай мэргэжил эзэмшсэн болон суралцаж байгаа залуусыг “Нээлттэй ажлын байр” өдөрлөгт оролцохыг урьж байна” гэлээ.

Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн хүрээнд зарлагдсан нарийн мэргэжлийн нэр

Хотын хөгжлийн инженерчлэл (Urban Development Engineering):

Авто замын барилгын инженер
Давхар, зам гүүрийн инженер
Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер
Барилгын инженер (LIRA-CAПP, MONOMAX-CAПP зэрэг барилгын тооцооны програм, AUTOCAD барилгын зургийн програм, MICROSOFT OFFICE програмыг эзэмшсэн)
Хот төлөвлөлтийн эдийн засагч
Хотын нийтийн тээврийн инженер (BRT)
Эко хороолол, орон сууцны инженер
Үерийн далан сувгийн инженер
Мэдээллийн технологийн инженер (System admin, Unix, Red Hut, сүлжээний mamage төхөөрөмж, сүлжээ хамгааллын төхөөрөмж дээр ажиллах чадвар-тай. Java, My SQL програмчлалын хэлний мэдлэгтэй, кодчлох загвар (Demo) бэлдэх)
Олон нийтийн бодлого боловсруулалт (Public Administration):

Хотын менежментийн менежер
Үл хөдлөх хөрөнгийн менежмент
Инновацийн удирдлага
Гэрээ, эрхийн мэргэжилтэн (FIDIC сургалтын гэрчилгээтэй)
Төслийн удирдлага (Project Management Professional)
Хотын социологич
Хотын патентчин
Event management (Жуулчдад зориулсан арга хэмжээ зохион байгуулах)
Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого боловсруулалт (Improvement of Urban Environment Policy):

Сэргээгдэх эрчим хүчний инженер
Хог хаягдлын дахин боловсруулалтын инженер
Дендерлогич
Ногоон байгууламжийн төлөвлөгч
Цэвэрлэх байгууламжийн технологич – инженер
Байгаль орчны эрсдлийн удирдлага
Санхүү, эдийн засгийн бодлогын менежмент (Fiscal Policy Management):

Хотын санхүүч
Хотын эдийн засагч
Олон улсын мэргэшсэн аудитор
Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн үеэр харьяа агентлаг, нийслэл болон орон нутгийн өмчит газруудын мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой аж. Нийслэл хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай нарийн мэргэжлийг эзэмшсэн аль эсхүл одоо эдгээр мэргэжлээр магистрт суралцаж байгаа нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох хүсэл эрмэлзэлтэй залуус www.ulaanbaatar.mn албан ёсны цахим хуудас дахь “Нээлттэй ажлын байр” цонхыг дарж анкетаа бөглөн мэдээллийн санд бүртгүүлэх боломжтой юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …