Сар шинийн баяртай холбогдуулан орон нутгаас хотыг чиглэсэн хөдөлгөөн мөн томоохон зах худалдааны төвүүдийг чиглэсэн хөдөлгөөн эрс ихэсдэг. Улмаар автозамын ачаалал нэмэгдэж, түгжрээ саатал их бий болдог тул нийслэлийн Засаг дарга 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн А/51 дүгээр захирамж гаргалаа.
Тус захирамжийн дагуу автомашины дугаарын хязгаарлалт болон автозамын хөдөлгөөнд хэрхэн өөрчлөлт оруулсан талаар Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хорооны дарга хурандаа Б.Батболд “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдэд түргэн шуурхай аюулгүй зорчиулах зорилгоор Замын цагдаагийн албанаас дараах арга хэмжээ авч ажиллана. Амралтын өдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 11, 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, хоёрдугаар сарын 12, сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно. Мөн төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах тул иргэд заавал томоохон худалдааны зах, төв рүү зорчихгүй байх, цаг зав, бензин шатахуунаа хэмнэх, ая тух таатай үйлчлүүлэх боломжит нөхцөлийг бүрдүүлж байна. Өмнөх жилүүдийн баярын өдрүүдэд Замын Цагдаагийн Алба нэмэлтээр хэв журмын алба хаагчдыг замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаанд татан оролцуулдаг” хэмээн ярилаа.
Шинийн 1-3-ны хооронд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
“Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд зорчигчид дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалтын хувьд өвлийн цагийн хуваарийн хамрах хүрээн дээр Саппорогийн уулзвараас, Таван шарын уулзварыг оруулжээ. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас зорчин ирж байгаа тээврийн жолооч нар тухайн цаг үеийн бүсчлэлийг анзаарч, цагаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Түүнчлэн Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр “Хүчит шонхор” худалдааны төвийн замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгон зохицуулж байна. Энэ нь тус худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш чиглэлтэй далангийн уулзвар хүртэл, далангийн уулзвараас хуучнаар “Судалт” төвийн уулзвар хүртэл баруунаас зүүн тийшээ нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулсан байгаа аж.
Автомашины улсын дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос “Нарантуул”, “Дэнжийн мянга”, “Хүчит шонхор” худалдааны төв чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.