Энэ оны эхний сарын байдлаар Нийслэл хотын хэмжээнд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх 31 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 30%-р буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ,таслан зогсоох, гарсан гэмт хэргийг илрүүлж ажиллахад цагдаа , хуулийн байгууллага иргэд , аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа чухал юм.
Монголын уламжлалт сар шинийн баяр цагаан сар болон олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, цэргийн баяр зэрэг нийтийг хамарсан баяр амралтын өдрүүдтэй холбогдуулан орон нутгаас Улаанбаатар хотод зорчих иргэдийн хөл хөдөлгөөн ихсэж, үйлчилгээний газруудад бэлэн мөнгөний хуримтлал бий болдог нь хууль бусаар мөнгөжих сонирхолтой этгээдүүдэд дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаа сэдлийг бий болгодог. Тухайлбал 2016 онд Нийслэл хотын хэмжээнд банканд-3, ломбарданд-2, ШТС-уудад халдсан 3 удаагийн тохиолдол бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлэн шалгаж шийдвэрлэжээ.
Мөн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Наран цэн” ломбарданд тоз-8 маркын буу тулгаж айлган сүрдүүлж 800.000 төгрөг дээрэмдсэн хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Э, А нар үйлдсэнийг,
Бусдын орон байранд удаа дараа нэвтрэн орж эд зүйл дээрэмдсэн Л.А, Б.Ч нарын бүлэг этгээдүүдийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц Хүнд Гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид 2017 оны 1-р сард илрүүлэн шалгаж байна.
Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллаатай хамтран ажиллах ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээ, мэдээлэл солилцох, чанарын шаардлага хангасан хяналтын камерийг зөв оновчтой газар байрлуулах, шаардлагатай үед хэрэглэх харилцаа холбооны хэрэгслийн асуудлыг шийдвэрлэж дотор гадна талбайн гэрэлтүүлгийг сайжруулах, байгууллага болон харъяа салбаруудынхаа ажлын байрны харуул хамгаалалтыг сайжруулах, дохиоллын системийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж хамгаалалтын албаны ажилтаны сонор сэрэмжийг дээшлүүлэх, гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэн ажиллахыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын ОХГХМХ, УСОНХХ ээс анхааруулж байна.