Т, Д, М нар нь 2014 оны 05 сарын 18-19-нд шилжих шөнө бүлэглэн, шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ-зуу” музейд хууль бусаар нэвтрэн орж, 7 ширхэг бурхан хулгайлж, нийт 96.077.505 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Сум дундын шүүх 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрээс 2 сая төгрөг хурааж,Д, М нарт тус бүр 12 жил, Т-д 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Уг хэргийн шүүх хуралдааныг “Загвар” шүүх хуралдааны хэлбэрээр хийж, хуралд прокурор, өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг оролцуулсан нь прокуроруудыг мэтгэлцэх ур чадварт суралцуулхад нөлөөлсөн чухал ажил болжээ.
Эх сурвалж: УЕПГ