Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл эхэллээ

Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас өнөөдөр тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн тоо байнга өсөн нэмэгдэж, 2016 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санд 841,552 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна.

Эдгээрээс 532,873 тээврийн хэрэгсэл буюу 63.32 хувь нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлж, 300 гаруй мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаж, албан татвар төлдөггүй гэсэн тоо баримт гарсан байна.
С.БАТБОЛД: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛУУДЫГ НЭГ МӨР ШИЙДВРЭЛЭЖ, ЦЭГЦЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ АВНА

Авто Тээврийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын Дарга С.Батболд “Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл арга хэмжээг жилийн турш явуулахаар Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаал гарсан байгаа.

Энэхүү арга хэмжээгээр бид өнөөдрийн замбараагүй байгаа тээврийн хэрэгслийн бүртгэл, номер дугаар олголт, дугаарын үйлдвэрлэл зэрэг бүртгэлтэй холбоотой асуудлуудыг нэг мөр шийдврэлэж цэгцлэх арга хэмжээг явуулна.

Олон жилийн дунджаар авч үзэхэд нийт тээврийн хэрэгслийн 65 хувь нь татвараа төлж, техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Бусад тээврийн хэрэгсэл хаана байгаа нь тодорхойгүй байна.

Ерөнхийдөө тээврийн хэрэгслийн гаднаас ипмортоор орж ирэхээс эхлээд гааль, техникийн хяналт, даатгал, татвар, бүртгэлийн байгууллагууд нэгдсэн дундын сантай болж, иргэдэд зориулсан үйлчилгээг шуурхай болгоё гэсэн байдлаар бид ажлаа төлөвлөж байна.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч жил бүр техникийн хяналтын үзлэгт ордог. Үзлэгээр улсын дугаарын давхардал, стандарт бус дугаар зүүсэн, дүрэм стандартад заагдаагүй гэрэл дохио хэрэглэсэн зэрэг зөрчлүүдийг шалгаж, арилгана.

Дугаар давхардлын асуудлыг тухайн үед нь шүүж үзэж, анх авсан эзэмшигчид нь өгөх байдлаар ажлыг зохион байгуулсан” гэлээ.

Г.ЭНХЖИН: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХАСАЛТ ХИЙЛГЭЭГҮЙН УЛМААС ОЛОН ЖИЛИЙН ТАТВАРЫН ӨР ҮҮСЭХ ХҮНДРЭЛ БИЙ

Татварын Ерөнхий Газрын Татварын улсын байцаагч Г.Энхжин “Хоёр сайдын хамтарсан тушаалын хүрээнд төрийн байгууллагуудын мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг хангах нь гол ажил байгаа.

2016 оны жилийн эцсийн байдлаар 800 гаруй мянган тээврийн хэрэгслээс 530 мянга орчим тээврийн хэрэгсэл албан татварын төлбөртөө хамрагдсан байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дугаарын хязгаарлалтын дагуу татвараа төлж байгаагаас өнөөдрийн байдлаар нийт 1 ба 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгслээс 33 хувь нь албан татварт хамрагдсан байна.

Нөгөөтэйгүүр улсын хэмжээнд сүүлийн дөрвөн жилд шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, албан татвараа төлөөгүй, техникийн оношилгоонд хамрагдаагүй буюу хасалт хийлгэх 95,000 орчим тээврийн хэрэгсэл байна.

Ашиглалтаас гарсан тээврийн хэрэгслээ 30 хоногийн дотор хасуулах үүрэгтэй байдаг. Иргэд www.transdep.mn сайтад хандан, регистерийн дугаараа бичиж, хасагдах тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг шалгаж үзэх боломжтой. Тээврийн хэрэгслийн хасалт хийлгээгүйн улмаас олон жилийн татварын өр үүсэх хүндрэл байгаа.

Шинэчилсэн бүртгэлийн хүрээнд иргэд, татвар төлөгчдөд хүндрэл учруулахгүйгээр, татвар авалгүйгээр хасалт хийх юм” гэв.

Ч.АЛТАНТУЯА: ХИЛЭЭР ГАРААД БУЦАЖ ОРЖ ИРЭЭГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ХАСУУЛАХАД ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ

Гаалийн Ерөнхий Газрын гаалийн хяналт шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ч.Алтантуяа “Улсын хэмжээнд 2011-2015 онд 2016 оны тавдугаар сар хүртэл хилээр гараад буцаж орж ирээгүй байгаа нийт 8,000 гаруй тээврийн хэрэгсэл байгаа. Эдгээр тээврийн хэрэгсэл нь ихэвчлэн бусад оронд очоод зарагдсан байдаг.

Энэ тохиолдолд гаалийн байгууллага дээр буцаж орж ирээгүй гэсэн бүртгэлтэй байгаа. Мөн эдгээр тээврийн хэрэгсэл нь Авто тээврийн үндэсний төвд татвар төлөгдөөгүй тээврийн хэрэгслийн жагсаалтад орж байгаа.

Тиймээс иргэд мөн гаалийн байгууллагаас хасалт хийлгэх шаардлагатай болно. Үүний тулд Улаанбаатар хотын гааль дээр улсын хилээр түр хугацаагаар гаргасан машиныг бүр мөсөн гаргах гаалийн бүрдүүлэлт хийлгэх шаардлагатай.

Эндээс ямар нэг татвар авахгүй, зөвхөн гаалийн бүрдүүлэлтийн хураамж 7,000 төгрөгийн хураамж авна. Гаалийн бүрдүүлэлтийн үндсэн дээр Авто тээврийн үндэсний төвд хасалт хийх юм” гэв.

ТУС АЖЛЫН ХЭСГЭЭС ДАРААХ АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭНЭ
  • Тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт, татвар, даатгал, бүртгэл, техникийн хяналт, авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан үүсгэх;
  • Тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн санг “Үндэсний дата төв” УТҮГ-т байршлуулах, харилцан мэдээлэл солилцох талаар гэрээ байгуулах;
  • Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг техникийн хяналтын үзлэгийн үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулах;
  • Монгол Улсад түр горимоор унаж орж ирээд гараагүй байгаа тээврийн хэрэгслийн талаар дэлгэрэнгүй судалгаа гаргах, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх;
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний техникийн тодорхойлолт заасан мэдээллийг Венийн конвенцод заасны дагуу бичиж, бүртгэл хөтлөх;
  • Сүүлийн 4-5 жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, татвар төлөөгүй Монгол Улсын хилээр гараад орж ирээгүй олон жил болж байгаа тээврийн хэрэгслийн судалгааг гарган бүртгэлийн сангаас хасах;
  • Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах талаар иргэдэд мэдээллэх, иргэд болон ААНБ бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслээ www.transdep.mn сайтаар шалгах боломжийг бүрдүүлэх;
  • Тээврийн хэрэгслийн бүртгэлийн сангаас хасах тээврийн хэрэгсэлд бүрдүүлэх материал болон үйл ажиллагааг иргэдэд чирэгдэл багатай хөнгөн шуурхай зохион байгуулах талаар арга зүйн зөвлөмж боловсруулах зэрэг болно.
  • Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдахаар ирж буй тээврийн хэрэгслийн улсын дугаарын давхардал, зориулалтөөрчилсөн эсэх.стандартад заагаагүй хэмжээ, өнгө.тэмдэглэгээ бүхий улсын дугаарын тэмдэг байгаа болон арал, бүхээгний дугаар зөрсөн эсэхийг шалгаж, зөрчилтэй бол арилгуулах;
  • Сүүлийн 4-5 жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, татвар төлөөгүй Монгол Улсын хилээр гараад орж ирээгүй олон жил болж байгаа тээврийн хэрэгслийн судалгааг гарган бүртгэлийн сангаас хасч байгаа талаар cap бүр тайлан мэдээг тогтмол гаргаж ирүүлэх зэрэг болно.

 

ЗТХЯ


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …