Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Уг санамж бичигт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн агуулга нь Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж, амьдарч байгаа Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг хөндөж, гарц шийдэлийг иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, шийдвэрлэх, нийслэл хотын тамгын газар, харьяа агентлаг, улсын өмчит үйлдвэрийн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчилах ажлыг тусгасан байна.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз олон нийтэд мэдээллийг тэгш, хүртээмжтэй, шударга, нэг талыг барилгүй хүргэх үүрэгтэй. Олон нийтийн радио телевизийн хуулийг 2005 онд УИХ-аар хэлэлцүүлэн батлахад Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд, идвэх чармайлт гарган ажиллаж байсан хүний хувьд ч хуулийг энэ том байгууллага чандлан биелүүлэх үүрэгтэй гэж боддог. Байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл энэ үүргээ нэр төртэй биелүүлж яваа ч гэж үнэлдэгээ хэлсэн. Монгол Улсын нийслэлд нийт хүн амын тал хувь нь оршин суудаг. Орон даяар үйл ажиллагаа явуулдаг энэ телевизээр нийслэл хотод болж буй үйл явдал, тулгамдсан асуудал, бодлого шийдвэрийг гаргаж, мэдээлэх нь чухал байна. Санамж бичигт тусгагдсан заалтууд ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц хэлэхдээ “Бид хуулийнхаа дагуу олон нийтэд нээлттэй, хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Улсын хүн амын тал нь амьдарч байгаа нийслэл хотын утаа, агаар, хүүхдүүдийн сурч боловсрох орчин, халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх, хотын соёл боловсролын тухай танин мэдэхүйн нэвтрүүлэг хийх зэрэг маш олон асуудал бий. Тиймээс өнөөдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд МҮОНРТ тусгайлсан цаг гаргаж, нийслэлээс хийж хэрэгжүүлж байгаа болон хийхээр төлөвлөж байгаа ажлыг таниулна.” хэмээн ярилаа.
Мөн хотын дарга “Монголын мэдээ” мэдээллийн сувагт зочилж, цаг үеийн асуудлаар ярилцлага өглөө. Өнөөдөр орой “ Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр хотын даргын ярилцлага гарна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй хэлтсээс мэдээллээ.