Гурван цэнхэрийн агуйг аялал жуулчлалын цогцолбор болгох төслийн хэлэлцүүлэгт Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Засаг дарга Галсандондог, ХЗДХЯ-ын ЗУГ-ын дарга, Монгол өв соёл холбооны тэргүүн Б.Үнэнбат, Чингис хаан дээд сургуулийн захирал, доктор, профессор Х.Лхагвасүрэн, ШУА-ийн экологи газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан док Э.Авирмэд, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр, Түүхийн ухааны доктор, профессор Б.Балжинням, Монголын агуй судлалын холбооны тэргүүн, Зохиолч яруу найрагч Ж.Баяржаргал, Чингис хаан дээд сургуулийн багш, архитектурч, профессор Б.Адьяа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Батэрдэнэ, Белон ХХК-ны захирал Р.Баатархүү, Монгол өв соёл холбооны гишүүн Б.Өлзийсайхан, УИХ-ын гишүүн О.Батнасангийн ахлах зөвлөх Л.Бадамцэцэг, Манхан сумын дунд сургуулийн захирал, судлааач н.Энхтөр, Манхан сумын Засаг дарга асан С.Гантөмөр, нарын төлөөлөл оролцлоо. Манхан суманд байрлах Төв Азийн хүй нэгдийн үеийн урлагийн голомт Гурван цэнхэрийн агуй нь Монголын 9 гайхамшигийн нэг.
Уг агуйд 40 мянган жилийн тэртээх хадны сүг зураг бүхий түүхэн дурсгал бий. Үүгээрээ 3 цэнхэрийн агуй нь хүн төрөлөхтний түүх соёлын хосгүй үнэт өв болон үнэлэгдсэн юм. Балар эртний үеийн ул мөр, соёл түүхийг бодитоор нь үлдээсэн энэхүү дурсгалт газарт тулгуурласан аялал жуулчлалыг бий болгон Ховд аймгийнхаа эдийн засагт түлхэц өгөх боломж бидэнд байна. Иймээс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гурван цэнхэрт түшиглэсэн аялал жуулчлалын “Таван од” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжих эхний алхам тавигдаж Монгол өв соёлын холбооноос хойд цэнхэрийн агуй аялал жуулчлалын цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Хамгийн гол нь 3 цэнхэрийн агуйг хамгаалах, сэргээн засварлах нь өвөг дээдсээс бидэнд үлдээсэн хүн төрөлөхтний түүхийн хөгжил цаг хугацааны өөрчлөлтийг таниулсан бүтээл, амьд түүхийн гэрчийг үр хойчдоо өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой юмаа. Одоогоор дэлхий дээр хадны сүг зургийн насжилтаараа Испани улсын Эл кастило агуй тэргүүлдэг байна. Энэ агуйны хадны сүг зурагны насжилт нь 39 мянган жил. Тэгвэл Гурван цэнхэрийн агуйн хадны сүг зураг нь 40 мянган жилийн насжилттай гэж судалгаагаар тогтоогоод байгаа юм. Үүнийг дэлхийд нотолж чадвал манай аймгийн Манхан сумын нутагт орших Гурван цэнхэрийн агуйны хадны сүг зураг нь дэлхийд хамгийн урт насжилттай байж болох юм. Алтайн уулсыг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх гарц нь Гурван цэнхэр гэж олон судлаачид үзэж байгаа юм. Ховд аймагт зөвхөн Гурван цэнхэрээс гадна эртний түүхийн олон дурсгалууд, байгалийн үзэсгэлэнт газрууд бий. Иймээс Ховд аймагт жуулчдыг татах асар их нөөц байна. Тэгвэл манай аймаг ойрын жилүүдэд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодлогоо төвлөрүүлэн ажиллаж байна. Хэзээ ч дундрашгүй, шавхагдашгүй үргэлж үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж, хөгжиж байдаг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлснээр бүс нутгийн эдийн засагт чухал нөлөөтэй учраас энэ асуудалд төр, хувийн хэвшил, иргэдийн оролцооч чухал юм. Ийнхүү Ховд аймгийн Манхан сумын нутагт орших гурван цэнхэрийн агуйг аялал жуулчлалын цогцолбор болгох аймгийн Засаг даргын үйл ажиллаганы хөтөлбөрт тусгагдсан Гурван цэнхэрийн агуй төвтэй “Таван од” хөтөлбөр хэрэгжих анхны алхам тавигдлаа. Цаашид олон улсын стандартад нийцсэн аялал жуулчлалын томоохон цогцолборыг байгуулж, бүс нутгийнхаа эдийн засагт түлхэц болох, орон нутгийн иргэдийн амьдралд үр өгөөжөө өгч, 100 гаруй хүнийг ажлын байраар хангах боломж ийнхүү нээгдээд байна
khovd.gov.mn