Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр энэ өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар харьцангуй хүйтэн байна. Энэ сарын 12-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 13-нд мөн нутгийн зарим газраар, төвийн нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурна.
Энэ сарын 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 12-14м/с, 13-17-нд зарим газраар 12-14м/с, зарим үед говь талын аймгуудын нутгаар түр зуур секундэд 18 метр хүрч ширүүсэх нь.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч, 14-19-нд Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө -36..-41оС, өдөртөө -22..-27оС, Монгол Алтайн өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27..-32оС, өдөртөө -19..-24оС, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14..-19оС, өдөртөө -4..-9оС, бусад нутгаар шөнөдөө -22..-17оС хүйтэн, өдөртөө 10-15оС хүйтэн байна.
Сарын сүүлийн 10 хоногийн дунд үеэс хүйтний эрч ихэнх нутгаар харьцангуй суларна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар цас орох төлөвтэй. Салхи гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна.