“Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баяр нээлтээ хийлээ /фото/

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг энэ сарын 11, 12-ны амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна. Наадмын нээлт өнөөдөр 12:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Ш.Анхмаа болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлчүүд та бүхнийхээ амралтын өдрүүдэд зориулж “Улаанбаатар өвлийн наадам-2017” гэр бүлийн цасны баярыг зохион байгуулж байна. Энэ наадам нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний уламжлалт цас, мөсний наадгай тоглоомыг сурталчлан таниулах, гадаадын иргэд, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Улаанбаатарын өвлийн наадмыг цаашид өргөжүүлж дэлхийн сэрүүн бүсийн томоохон хотуудын өвлийн наадамтай дүйцэхүйц хэмжээний болгохоор зорьж байгаа юм. Наадмын маань нэг онцлог нь үндэсний онцлогийг харуулсан байгаа. Өвлийн улиралд Монголчууд ямар спортоор хичээллэж, хөгжүүлж ирсэн бэ гэдгийг харуулахаар зорьсон. Үүнээс гадна бид ирж байгаа иргэд, жуулчидыг үндэсний хувцасаараа гоёж ирэхийг уриалж байгаа” гэдгийг хэлж байлаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс гэр бүлийн баярт ирсэн хүн бүрийг халуун цай, аарцаар дайлж байлаа. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулсан асрыг бэлтгэж, тэдэнд бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаалах боломжийг олгосон байв. Хоёр өдрийн турш зохион байгуулах уг наадмын нээлтэд гадаадын иргэд, жуулчдаас гадна нийслэлийн иргэд өргөнөөр оролцож, сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байсан юм.

Өвлийн наадам маргааш /2017.02.12нд/ дахин үргэлжлэнэ. Энэ жилийн Өвлийн наадмыг “Гэр бүлийн баяр” нэртэйгээр зохион байгуулж байгаа. Тиймээс арга хэмжээ хөтөлбөрүүд бүгд гэр бүл рүү чиглэсэн байх болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байсан юм. Мөн наадамд ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж, харж, сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтойгоороо онцлогтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …