Одоогийн байдлаар улсын хэмжээнд 17 аймгийн 150 гаруй сум зудын нөхцөл байдалд орсон албан ёсны үнэлгээ гарсан байгаа. Эдгээр аймгийн иргэдэд Засгийн газар болон олон улсын байгууллагууд тусламжаа илгээж эхэлжээ. МУЗН-ээс нэгдүгээр шатны хүмүүнлэгийн тусламжийг өвөлжилт хүндэрсэн Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 5 аймгийн 1740 өрхөд үзүүлэхээр бэлтгэж байгаа аж.
МУЗН нь Олон улсын Улаан загалмай хорооны гамшгийн үеийн яаралтай тусламж үзүүлэх сангаас 160 000 швейцарь франк, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас 100 мянган ам.долларын тусламж хуримтуулан түгээхээр бэлтгэж буй юм байна. Нэг малчин өрхөд 100 ам.доллартай тэнцэх бэлэн мөнгөний тусламжийг хүргэх юм байна . Мөн тусламжид эрүүл мэндийн анхны тусламжийн багц багтаж байгаа аж. Олон улсын ан амьтныг хамгаалах нийгэмлэгээс малын эмчилгээний багцын тусламж үзүүлэхээр болжээ.
Хоёрдугаар шатны тусламжийг цагаан сарын дараа үзүүлэх бөгөөд энэхүү тусламжид Төв аймгийн 11 сумын 455 өрх, Өвөрхангай аймгийн 8 сумын 280 өрх, Дархан-Уул аймгийн 4 сумын 140 өрх, Орхон аймгийн 2 сумын 70 өрх, Хэнтий аймгийн 11 сумын 275 өрх, Дорнод аймгийн 11 сумын 280 өрх, Сэлэнгэ аймгийн 8 сумын 240 өрх тус тус хамрагдаж байгаа аж. Дээрх долоон аймгийн 54 сумын 1740 өрхөд 100 ам.доллартай тэнцэх бэлэн мөнгөний тусламж үзүүлэх юм байна. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгээс малчны хүүхдүүдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг олгох сургалтыг ирэх хавар зохион байгуулах ажээ.