УИХ-ын намрын чуулган завсарлаж, УИХ-ын гишүүд УИХ-аас баталж гаргасан хууль тогтоомжийг сурталчлах, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулах, иргэд сонгогчдынхоо дуу хоолойг сонсохоор тойрогтоо ажиллаж байна. УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтыг Ховд аймагт хүрэлцэн ирэхэд нь аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй аймаг орон удирдлагууд, холбогдох албаны хүмүүс Ховд нисэх онгоцны буудал дээр хүндэтгэн, хүлээн авлаа.
Дараагаар нь Жаргалант сумын Бичигт, Наран,Тахилт, Баатархайрхан зэрэг тойргийнхоо багуудын ахмадуудыг хүлээн авч уулзан, ахмад настаны талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар мэдээлэл, өгч тэдний сонирхсон асуултанд хариулт өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Жаргалант сумын Тахилт, Бичигт, Баатархайрхан, Наран гээд тойргийнхоо багуудын 75-аас дээш настай ахмадууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлэн, тавгийн идээ гардууллаа. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэ сарын 19 хүртэл Ховд аймагт тусгай хөтөлбөрийн дагуу ажиллана. Энэ хугацаанд салбарын байгууллагуудын алба хаагчдын нэгдсэн уулзалтыг зохион байгуулах, боловсрол, эрүүл мэндийн салбарын зарим байгууллагаар орж ажиллахаас гадна Манхан, Буянт, Мөст, Алтай, Үенч, Булган сумдад ажиллах юм.
khovd.gov.mn