Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг өнгөрөгч 12-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрынхан “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас баривчилсан байна. Түүнд Эрүүгийн цагдаагийн газраас хилийн хориг тавиад байсан ч тэрбээр хил даван зугтах гэж оролдсон учир ийнхүү баривчилсан байна.
Албаныхан Ж.Марат болон түүнтэй хамт хил гарахыг завдсан найман хүнийг баривчилсан бөгөөд тэднийг Монгол Улсад сүлжээний бизнес эрхэлж, пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэсэн үндэслэлээр саатуулан шалгаж байгаа юм байна.
ЭЦГ-аас түүнд энэ сарын 10-нд хилийн хориг тавьсан байна. Харин энэ өдөр түүний эхнэр хил давжээ. ЭЦГ-ын эх сурвалжийн мэдээлснээр, тус газраас Ж.Маратын эхнэрт хилийн хориг тавьсан ч тэрээр тухайн өдөр Монгол Улсын хилээр гарч чаджээ. Одоогийн байдлаар саатуулаад буй нэр бүхий найман хүний дансан дахь зургаан тэрбум төгрөгийг битүүмжлээд байгаа ба эцсийн байдлаар хэдэн Монгол хүнийг хохироосон болон хэдэн төгрөг угаасныг нь тогтоохоор мөрдөн байцааж эхэлжээ.