Нийслэлийн Байгаль орчны газраас “Дэлхийн зэрлэг ан амьтдын өдөр”-ийг тохиолдуулан хотын ногоон бүсийн зэрлэг амьтдыг хавхаар барьж гэмтээдэг, урхи тавьж хууль бусаар агнадаг зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх зорилготой “Хавхгүй нийслэл” аяныг эхлүүллээ. Монгол Улсын Амьтны тухай хуульд заасан агнуурын амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгсэлийн дотор хавх, урхи зэрэг хэрэгсэл багтсан байдаг.
Тус аяныг ногоон бүсийн байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагчид, морин эргүүлүүд болон байгаль орчноо хамгаалах иргэд, олон нийтийн оролцоотой хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
Аяны хүрээнд хураан авсан хавхны тоогоор 1-3 настай модны суулгацыг урамшуулал болгон өгөх бөгөөд энэхүү аяныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хамтран зохион байгуулж байгаа юм.
1973 оны 3 дугаар сарын 3-ны өдөр “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” Вашингтоны конвенцыг /CITES/ баталсан бөгөөд манай улс 1995 онд нэгдсэн. Тус конвенц батлагдсантай холбогдуулан зэрлэг ан амьтдын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зайлшгүй шаардлагатай байгааг олон нийтэд ойлгуулах, таниулан сурталчлахын тулд 2013 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн зэрлэг ан амьтдын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна гэж нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.