НҮБХХ-ийн туслах Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр НҮБ-ын туслах Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн туслах захирагч, Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал Шу Хаолянийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр эхнээс нь тууштай дэмжиж, дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг боловсруулахад тус байгууллага жинтэй хувь нэмэр оруулсныг онцлоод энэ үзэл баримтлалд багтсан олон зорилтыг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаа хэллээ.

Тухайлбал эдийн засгаа төрөлжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль дээдэлж ажиллахыг зарчим болгох зэргийг дурдлаа. Мөн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн 2017-2021 онд хэрэгжүүлэх зорилттой Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр уялдаж байгааг тэмдэглэв.

Өвөлжилтийн байдал хүндэрсэн энэ үед олон улсын байгууллага, хоёр орны Засгийн газар есөн тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний тусламж үзүүлэх болсон. Энэ ажлыг зохион байгуулах олон улсын багийг удирдан ажиллаж байгаа НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкманнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд сүүлийн 10 гаруй жилд томоохон ахиц гарсныг ноён Шу Хаолянь хэллээ. Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа хангана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд энэ чиглэлээр дэмжлэг үзүүлнэ гэлээ.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр шинэ санаа, санаачилга, инноваци нэвтрүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, бэлчээрийн даац хэтрэлтээс сэргийлэх, эрчим хүчний салбар, хувийн хэвшлийг дэмжиж хамтран ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Санал болгох мэдээ

Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …