Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 34 дүгээр чуулганы 2017 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв.
Сайд Ц.Мөнх-Оргил хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас олон улсын тавцанд болон үндэсний хэмжээнд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Мөн тэрээр ХЭЗ-ийн 34 дүгээр чуулганы Өндөр түвшний хуралдаанд оролцох үеэрээ НҮБ-ийн Женев дэх төвийн Ерөнхий захирал ноён Майкл Мөллер, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар ноён Зэйд Раад Аль Хуссейн болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын (ЮНКТАД) Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Жоаким Рейтер, Казахстан Улсын Гадаад хэргийн сайд ноён Кайрат Абдрахманов, Албани Улсын Гадаад хэргийн сайд ноён Дитмир Бушати болон Австрали Улсын Олон улсын хөгжил, Номхон далайн бүсийн асуудал эрхэлсэн сайд хатагтай Кончетта Фиерраванти нартай уулзаж, хоёр талын харилцаа болон олон талт хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Албани Улсын Гадаад хэргийн сайд ноён Дитмир Бушати нар “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Албани Улсын Сайд нарын зөвлөл хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.
Хүний эрхийн зөвлөл нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор анх байгуулагдсан бөгөөд гишүүнчлэлийн хувьд тус Зөвлөл нь НҮБ-ын 47 гишүүн улс орноос бүрддэг болно. Манай улс 2015 оны 10 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөгөөд Зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд ажиллах болно. Ингэснээр хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, Хүний эрхийн зөвлөлийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцон ажиллах боломжтой болсон билээ.
Эх сурвалж:ГХЯ