Зам тээврийн яам нь МИАТ-ын асуудалд анхаарлаа хандуулаач ээ

Монголын иргэний агаарын тээвэр хэмээх сүржин нэртэйгээ харьцуулахад туйлын даржин үйлчилгээтэй МИАТ компанийн онгоцнууд сүүлийн үед байсхийгээд л саатах боллоо. Үүний улмаас гадаад, дотоодын олон ч иргэн цаг зав, мөнгө төгрөгөөрөө “шатацгааж” байна.

Нөгөө талаас Монголын иргэний агаарын тээврийн салбарын нэр хүнд гадаад ертөнцөд ихээр унах боллоо. Гэтэл энэ бүхнийг засах ёстой МИАТ-ын удирдлагууд нь “стюардес” хүүхнүүдээс өөрийг бодож сэтгэж чадахаа байсан хүмүүс байдаг гэж байгаа. Аль ч засаг гарсан МИАТ-д тэдний шахааны хүмүүс эзэн суудаг нь дан ганц энэ төрийн өмчит хувьцаат компанид тохиолдсон бэрхшээл биш юм.

Ямартай ч, МИАТ-ын Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоц нэлээд олон цагаар саатаж, шалтгааныг нь тодруулахаар янз бүрийн л хариулт хэлэх юм. Ажлаа мэддэггүй, дарга нарын үзэмжээр ажилд орсон операторууд нь бие биен рүүгээ утсаа шилжүүлэхээс энэ компанийн ажил нээх их хэтрэхгүй. Сүүлдээ “техникийн шалтгаан” гэх товч бөгөөд тодорхой бус хариултаар дотны хүнээ олон цаг хүлээж буй хүмүүсийн амыг таглана. Тэгтэл олон арван хүний амь насыг дааж явах учиртай МИАТ-ын онгоцонд энэ мэт байнга шахуу “техникийн саатал” гарах нь тэгээд хэвийн үзэгдэл юм уу. Олон хүний амь настай холбоотой асуудалд дээр дооргүй тоомжиргүй хандаж, алдаа гарвал надад хамаагүй хэмээн муйхарлаж яваа МИАТ-ын зарим нэг дарга удирдлагыг солих цаг нь болсон юм шиг. Тус компанид аюулгүй ажиллагааны горим гэх зүйл сүүлийн ихэд маш ихээр алдагдаж байгааг анхаарах хүмүүс нь анхаарна биз.

Зам тээврийн яам нь, энэ яамны сайд нь уг нь олон хүний амь нас, улсын гадаад нэр хүндтэй холбоотой МИАТ-ын энэ мэт асуудалд анхаарлаа хандуулмаар. Шахааны бус чих зөөлөнтэй хүмүүсээр удирдуулаад алдаа эндэгдлийг нь засч, айдас хүйдэсгүй зорчуулмаар. Ниргэсэн нь хойно нь хий хоосон хашгирахаас цаашгүй бэлгэ тэмдгийн чанартай Зам тээврийн яамаасаа МИАТ нь санаа зовохоо ч больж. Ер нь тэгээд МИАТ-ын удирдлагуудад тус компанийн иргэдийн аюулгүй байдалд авч буй арга хэмжээний чанар тийм ч чухал биш бололтой. Улсад орох ёстой мөнгөнөөс хуйвалдаж завшихаас биш энэ компанийг ганц шинэ онгоцтой болгочихьё гэсэн сэтгэлтэй дарга нар МИАТ-д байдаг ч юм уу үгүй ч юм уу. Хэдий болтол хуучин муу онгоцоор та бидэнд үйлчлэх билээ дээ.

 

Нинж


Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …