Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 46 тоот тушаалаар Улаанбаатар, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Хязгаарлалт 03 дугаар сарын 03-ны өдрийн 18:00 цагаас 03 дугаар сарын 05-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.
Улаанбаатар, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутагт дэвсгэрт гоц халдварт “Шүлхий”, “Хонины цэцэг” өвчин гарч, өвчний тархалт нэмэгдэж байгаа учир бусад аймаг сумдад тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгуудын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх автозамын хөдөлгөөнийг ийнхүү хязгаарлалаа.
Сар шинийн баярын дараа иргэд Алтан Овоо, Шилийн богдыг олноороо зориж, хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгаар хулгайн замаар зорчин замбараагүй байдал үүсгэж байгаа нь малын гоц халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлийг үүсгээд байгаа юм.