2013-2015 оны хооронд Монгол улсын засгийн газар, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүреэгийн төсөл, ДЭМБ-ын хамтарсан санхүүжилтээр “Хүн амын дундах сүрьэгийн тархалтыг тогтоох судалгааг үндэсний хэмжээнд зохион байгууллаа.
Судалгаанд Улаанбаатар хотын 8 дүүргийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, хөдөөгийн 32 сумаас нийт 50300 гаруй хүнийг сүрьеэгийн илрүүлэлтэд хамруулан, уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тархалтын түвшинг анх удаа тодорхойлсон байна.
Энэхүү судалгааны үр дүнгээс үзэхэд манай улсын хүн амын дундах уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тархалт нь жил бүр бүртгэгддэг сүрьеэгийн тохиолдлоос өндөр гарсан.
Энэ нь манай улсын хүн амын дунд сүрьеэгийн халдвар эрчимтэй тархаж байгааг харуулахын зэрэгцээ цаашид эмчилэх талаар одоогийн баримталж байгаа бодлого, стратегийг боловсронгуй болгох, ялангуяа сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй бүлэгт чиглэсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
Тус судалгаагаар сүрьеэгийн сэжигтэй буюу 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн 50 орчим хувь нт эмнэлэгт хандаагүй 16.6 хувь нь шууд эмийн санд хандсан байна. Ялангуяа хотод амьдардаг залуучуул, оюутнууд шууд эмийн санд ханддаг нь давамгайлж байна.
Мөн эрэгтэйчүүдийн 52.3 хувь нь ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй байна. Сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандахгүй байгаа хүмүүсийн дийлэнх нь 25-44 насны залуучууд ялангуяа хотод амьдардаг иргэд эмнэлэгт хандахгүй байна.
Иймд хүн амд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын буруу хэвшил, хорт зуршилаас татгалзах талаар эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх, олон нийт, гэр бүл, иргэдийн оролцоо, тэдний санал санаачлагыг өрнүүлэхэд хэвлэл мэдээллийн оролцоо ихээхэн үүрэгтэй гэдгийг судалгааг танилцуулах уулзалтын үеэр онцоллоо.