Засаг дарга Э.Бат-Амгалан усанд автсан айлуудад яаралтай арга хэмжээ авахыг албаныханд үүрэгдэв

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Амгалан” дулааны станцын зүүн хойд хэсэгт орших айл өрхүүд идэр есийн хүйтнээр усанд автаж, байдал одоог хүртэл хүнд хэвээр байгаа. Тэгвэл энэ асуудлаар амралтын өдөр буюу бямба гарагт Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Тэрбээр үүрэгт ажлаа өнгөрсөн баасан гарагт хүлээж авсан ч ийнхүү эхний ажлаа дүүргийнхээ хамгийн хүнд нөхцөлтэй хэсгээс эхэллээ. Түүнийг очиход тухайн хэсгийн айлуудын хашаа байшин, гэр орон хөлдөж, хашаан дотор зогсох машины зөвхөн дээвэр хэсэг нь харагдаж байсан юм. Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр булгийн ус хальж, айлуудын дороос ус ундарсныг оршин суугчид Засаг даргад учирлан хэлж байв. Газрын албаныхны мэдээлж байгаагаар энэ хэсэгт зөвшөөрөлгүй 30 гаруй айл байдаг бөгөөд булгийн эхэнд зөвшөөрөлгүйгээр шороо асган буусан айлууд ийн усанд автжээ. Өнгөрсөн жилүүдэд тухайн айлуудад яаралтай нүүж, булгийн эх, ногоон байгууламжийн газрыг чөлөөлөх шаардлага хүргүүлж байсан ч огт биелүүлдэггүйгээс ийм байдал үүссэнийг дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгаланд танилцууллаа.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Цэрэндаваа хэлэхдээ “Айлууд усанд автсан талаарх дуудлага анх арванхоёрдугаар сарын 21-нд ирсэн. Энэ хэсэг бол “7 булагтай” гэдэг нэртэй газар. Булгийн эхэнд айлууд шороо асгаж бууснаас болоод дулаан газраас ус гарч ирэх болсон. Ингээд мөстөж, маш их мөс үүссэнийг та бүхэн харж байна. Онцгой байдлын албанаас техник хэрэгсэл гаргаж, зарим үед 24 цагаар ажилласан. Маш их ус соруулж, мөс ховхолж зайлуулсан ч нөхцөл байдал дээрдээгүй” гэлээ. “Урин дулаан цаг ирж, мөс хайлах дөхөж байна. Нөхцөл байдал улам хүндэрнэ гэсэн үг. Тиймээс асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай” хэмээн 10 дугаар хорооны иргэд ярьж байв. Ийнхүү холбогдох байгууллагууд уг асуудлын талаар шуурхай хэлэлцэж, шийдэлд хүрэхээр боллоо.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …