Монгол Улсад ажлын байрны бэлгийн дарамт их байна гэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын Эмэгтэйчүүдийн Сангаас өнөөдөр “Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсооё” уриан дор “Нэг зорилго- Нэг дуу хоолой”  арга хэмжээг  Блю Скай зочид буудлын Топаз танхимд зохион байгуулав.

Охид бүсгүйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 18 ТББ оролцож, 2016 онд хийж бүтээсэн ажлаа танилцуулав.

Тухайлбал, “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх ТББ-уудын эвсэл”-ээс Монгол улсын нийт хүн амын 51.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа тухай судалгаа танилцуулав. Тус байгууллагаас ажлын байрны бэлгийн дарамтын талаар  705 эмэгтэйн дунд судалгаа явуулахад 79.6 хувь нь “ажлын байрны бэлгийн дарамт их байдаг” гэжээ. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, хэрэгтэнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон заалт оруулах, энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн эмэгтэйг хамгаалах, хохирол барагдуулах талаар нэгдсэн дүрэм, журамтай болох хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан байна.

“Бодлогод залуусын хяналт” ТББ нь Нээлттэй нийгэм форумын арга зүй болон санхүүгийн дэмжлэгтэйгээр нийслэлийн захын дүүргүүдэд “Залуучуудын дундах хүчирхийлэл” судалгаа явуулжээ. Мөн сурагчдын дунд үе тэнгийнхний дарамт, хүчирхийллийн асуудлыг олон нийтэд таниулах үе шаттай нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Мөн “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэх, төрийн ажилд түлхэц үзүүлэх чиглэлээр 5-8 жилийн ажлын төлөвлөгөө боловсруулжээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нэн даруй бодит арга хэмжээ авахгүй бол 2017-2024 оны хооронд 13 мянган хүн нас барах магадлалтай гэдгийг тус ТББ-аас анхааруулав.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …