Шадар сайд У.Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Су Нюн Ту-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд 2012 оноос хойш Монгол Улсад ДЭМБ-ын суурин төлөөлөгчөөр ажиллаж буй доктор Су Нюнтугийн манай улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа Шадар сайд онцлон тэмдэглэв.
ДЭМБ 1962 оноос хойш манай улсын эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх, монгол хүний эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж, туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
ДЭМБ өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах хүрээнд 35 мянган ам.долларын өртөг бүхий амь аврах багцыг тусламжаар нийлүүлэхээр төлөвлөжээ. Энэ багцад дуслын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг хэмждэг аппарат, уушигны хаталгааны хурдан оношлогооны багц, дулаан хөнжил байдаг байна.
ДЭМБ цаашид болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний баг байгуулж, үнэлгээ хийх бөгөөд үүнийг дэмжиж ажиллана гэдгээ Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ.