Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөр болон бусад албаныхан Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, спортын барилгын асуудалтай газар дээр нь очиж танилцлаа.
Чингэлтэй дүүргийн 5, 23, 24 дүгээр сургуулийн ачаалал ихэсч 3 ээлжээр хичээллэж байгааг дүүргийнхэн онцолж байв.
Тухайлбал, 5 дугаар сургуульд 1200 сурагч суралцах хүчин чадалтай харин одоогоор 2992 хүүхэд сурч байна. 23 дугаар сургууль 1120 сурагч суралцах хүчин чадалтайодоогоор 3324 хүүхэд сурч байгаа гэнэ. Мөн тус дүүргийн 61 дүгээр сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилгын ажил 2012 онд эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтанд оруулаагүй байгаа аж. Барилгыг ашиглалтад оруулахад 580 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай.
18 дугаар цэцэрлэгт 2013-2014 оны хичээлийн жилд мэргэжлийн байгууллагаас дүгнэлт хийж, үйл ажиллагааг нь зогсоожээ. Энэ асуудлыг төрийн өмчийн концессийн жагсаалтад оруулсан ч асуудал шийдэгдэхгүй байсаар байгаа гэнэ. 18 дугаар цэцэрлэгт хамран суралцах 200 гаруй хүүхдийн эрх ашиг энд зөрчигдсөөр байна. Түүнчлэн дүүргийн спорт цогцолборын барилгын ажилд 2015-2016 онд 4.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.
Гэсэн хэдий ч барилгын ажил зогсонги байдалд хүрч, төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь спорт заалыг үргэлжлүүлэн барьж чадахгүйд хүрсэнийг Чингэлтэй дүүргийн удирдлагууд хэлж байлаа. Эдгээр асуудалтай танилцсаныхаа дараа БСШУС-ын сайд Ж.Батсуурь холбогдох газрын дарга нарт үүрэг өгч, асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхийг даалгалаа.
Улаанбаатар хотын оршин суугчид нэмэгдэхийн хэрээр удирдлагуудад шийдвэрлэх, нийслэлчүүдэд шийдүүлэх тулгамдсан асуудал олширсоор байгаа.
Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж амьдарч байгаа Улаанбаатар хотын зарим дүүрэгт л гэхэд 5 аймгийн хүн амтай тэнцэхүйц иргэд оршин сууж, хөдөлмөрлөж байна гэсэн статистик тоо бий. Тиймээс Засгийн газрын гишүүд болон нийслэлийн удирдлагууд бусад холбогдох албаныхан дүүргүүдийн үйл ажиллагаа, бодит байдалтай газар дээр нь очиж танилцаж, иргэдтэй уулзан тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.