Салбарын сайд нар, Нийслэлийн удирдлагууд Налайх дүүрэгт ажиллалаа

Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар болон холбогдох албаныхан 2017 оны 03-р сарын 18-ны өдөр Налайх дүүргийн иргэдтэй уулзалт хийж, тэдэнд тулгамдаж буй асуудалтай нь танилцлаа. Налайх дүүрэгт тулгамдсан гол асуудал нь уурхайн үйл ажиллагаа гэдгийг дүүргийн удирдлагууд нь хэлж байна.

1922 онд Налайхын их уурхайг “Монголын анхны улсын үйлдвэр” хэмээн бүртгэж авснаар нийслэл хотыг нүүрсээр хангах зориулалттай үйлдвэр байгуулагдан ажиллаж байгаад 1995 онд их уурхайг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Гэсэн ч уурхай хаагдсанаас хойш 20 гаруй жилийн хугацаанд энд иргэд, аж ахуйн нэгжүүд далд аргаар, хувиараа нүүрс олборлосоор өнөөдөр нөхцөл байдал туйлын хүнд болжээ. Олборлолт явуулж байгаа хэсэг суурьшлын бүстэйгээ нийлснээс иргэд амьдрах аюулгүй байдал үндсэндээ алдагдсан байна. Энэ талаар НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Энд хүн амьдрах аюулгүй байдал алдагдаад байна. Айлуудын хашаан доогуур уурхайн олборлолт явагдаж байна. Үүнийг цэгцлэх зайлшгүй шаардлага бий. Уурхайг эзэнтэй болгохоос гадна зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсгэж байгаа олборлолтыг даруй зогсоох шаардлагатай.” хэмээн ярилаа.

Налайх дүүрэгт ажилласан УИХ, Засгийн газрын гишүүд, хотын удирдлагууд дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонссон. Энэ үеэр иргэдийн голчлон тавьсан асуудал нь мөн л налайхын уурхайтай холбоотой байсан юм. Тухайлбал, ахмад уурхайчдын нөхөн олговрын асуудлыг шийдэж өгөхийг салбарын сайдад хандан хүслээ. Налайх дүүргийн 3 дугаар хорооны иргэн Д.Цэрэнжав “Би налайхын уурхайд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Олон жил хүнд нөхцөлд ажилласан ч одоо хамгийн бага тэтгэвэр авч байна. Үүнийг шийдвэрлэж өгөөч.” хэмээлээ. Тус дүүргийн 1 дүгээр хорооны иргэн А.Ганболд “Засгийн газраас уурхайчидтай холбоотой тогтоол гаргаж өгөхийг хүсэж байна. Бидний нөхөн төлбөрийн асуудлыг шийдэж өгнө үү. Налайхын уурхай эзэнгүй байна. Хүнд нөхцөлд ажиллаж байсан уурхайчид маш бага тэтгэвэр авч байна.” гэв.

НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан хэлэхдээ “Ахмад уурхайчид нөхөн олговрын асуудлыг хөндөж байна. Уурхайн гүнд хортой нөхцөлд ажиллаж байсан иргэд 1990-ээд оны үед уурхай хаагдахад ажилгүй болж, тэтгэвэрт гарсан. Ингэхдээ тухайн үеийнхээ цалингийн хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Энэ нь одоо хаанаа ч хүрдэггүй. Тиймээс нөхөн олговрын асуудлыг нь шийдэж өгөөч гэж олон иргэн хүсэж байна.” гэлээ. Шийдвэр гаргах түвшний хүмүүс уурхайн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, иргэдийн санал бодлыг сонссон учраас тодорхой хэмжээнд үр дүнд хүрнэ гэж иргэд үзэж байгаагаа хэллээ. УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд ч налайхын уурхайн асуудлыг даруй хэлэлцэж, шийдвэрлэхээ мэдэгдлээ.

Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амарсайхан болон холбогдох албаныхан Налайх дүүрэгт ажиллах үеэрээ дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.1924 онд үүсэн байгуулагдсан тус төвийн барилга байгууламж муулсан, өрөө тасалгаа хүйтэн, дээврээс ус гоождог,  тоног төхөөрөмжүүд хуучирч муудсанаас эхлээд тулгамдсан асуудал олон байгааг НИТХ-ын даргад танилцуулав.

Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал хэлэхдээ “Манай төв нийт 4 байртай. Бүх барилгын дээвэр муудсан. Дусаал дусч, цонхоор салхи сийгдэг, чийгтэй, зарим хэсэгтээ мөөгөнцөртсөн, гадна болон дотор шавар унасан. Мөн цахилгааны  болон сангийн шугам хуучирсан учраас бүх байрандаа их засвар яаралтай хийх шаардлагатай. 10 жилийн өмнө их засвар хийгдсэнээс хойш их засвар огт хийгдээгүй. Үүнээс гадна яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд 20 минутад хүргэж үйлчлэхэд автомашины хүрэлцээ хангалтгүй. Тиймээс автопаркаа шинэчлэх хэрэгтэй байгаа. Төвд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүдийн 80 хувь нь хуучирч муудсан. Тасаг бүрт нэн хэрэгцээтэй 138 нэр төрлийн 314 ширхэг аппарат дутагдалтай байна.” гэлээ. Налайх дүүргийн ЭМТ нь 41 үндсэн ба туслах шийттэй. Ойрын 7 жилд шугамын болон шийтний засвар үйлчилгаа хийгдээгүй. Нийт 4 барилгад цахилгааны их засвар хийж, шийтнүүдийг шинэчлэх шаардлагтай байгааг хэлсэн юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Дүүргийн эрүүл мэндийн төвийн барилга хэт хуучирч муудсан байна. Дээврээс нь ус гоожиж, зарим тоног төхөөрөмж нь ажиллахаа больсон байна. Гэхдээ саарын хажуугаар сайн зүйл ч байна. Тухайлбал, иргэд эмнэлгийн үйлчилгээнд ам сайтай байгааг хэлье. Шинэ эмнэлгийн барилгын хувьд өнгөрсөн жил концессын гэрээ байгуулж, зураг төсөл нь хийгдсэн. Энэ жил эдийн засгийн хүндрэлийн улмаас түр зогссон байгаа. Гэхдээ шинэ барилга баригдана.” хэмээлээ.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …