Н.Номтойбаяр:Цалингийн зээлийн хүүг бууруулахын төлөө ажиллаж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ сарын 18-ны өдөр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтан, албан хаагчдын зөвлөгөөнийг UB palace-ийн их танхимд зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон тус яамны газрын дарга нар оролцсон юм. Мөн ХНХЯ-ны харьяа агентлагууд газрын дарга нар болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Улаанбаатар хот дахь 2000 гаруй ажилтан, албан хаагчид оролцлоо.

ХНХ-ын сайд Н.Номтойбаяр зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн наймдугаар сард байгуулагдсан цагаас хойш хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хийхээр зорьж буй зорилтуудын талаар салбарынхаа ажилтан, албан хаагчидтай санал бодлоо солилцлоо. Тэрээр нийгмийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт шинэчлэл хийх шаардлага тавигдаж байгааг онцоллоо.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 104 мянган тэтгэвэр авагч 3 сарын тэтгэврээ  шимтгэл зээлийн хүү тооцуулахгүйгээр урьдчилан авдаг боллоо.  Мөн тэтгэвэр авагч банкаа өөрсдөө сонгодог болсон. Өнгөрсөн 20 иод жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй тогтолцоог өөрчилж, арилжааны банкуудын дунд өрсөлдөөн бий болж байна. Тэтгэвэр тогтоолт , олголтыг шалгах аянг орон даяар зохион байгуулж байгаа.

Мөн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, элэгний С вирусын  эмэнд  210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Ханиад томуугийн дэгдэлтийн үед 0-5 насны хүүхдэд арван ерөнхий нэршлийн, 30 эм, бэлдмэлийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувиар үнийн хөнгөлөлт үзүүлсэн зэрэг эрүүл мэнд, нийгмийн даатгалын салбарт хийгдсэн ажлуудаас онцолж байв.

Түүнчлэн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулсан. Удахгүй бид цалингийн зээлийн хүүг бууруулахын төлөө ажиллаж байгаагаа дуулгалаа.  Хөдөлмөрийн бүтээмжийг үнэлэх шинэ тогтолцоог бий болгож, ур чадварыг нэмэгдүүлэх, идэвхжүүлэлт, хөшүүрэг бүхий цалингийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. 1990 онд нийгэм эдийн засгийн тогтолцоогоо өөрчилсөн зах зээлд  шилжсэн ч цалингийн тогтолцоо, хөдөлмөрийн үнэлэмжээ өөрчлөөгүй 27 жил болсон байна. Хэдий чинээгээр сайн ажиллаж, хөдөлмөрийн бүтээмж өндөр байна тэр хэмжээгээр цалин өндөр болж үнэлэгддэг байх нь чухал бөгөөд шударга юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажил бол Монгол хүн бүрийн амьдралтай шууд холбоотой байдаг маш чухал бөгөөд хүндтэй үйл гэдгийг илэрхийлээд цаашид иргэн нэг бүрт хүрсэн зөв бодлогоор, харилцааны өндөр соёлтой ажиллаж өнөөг хүртэл хийсэн ажлаасаа илүү ихийг хийж бүтээхийг хүссэн юм.

Хөтөлбөрийн дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх нар хийж хэрэгжүүлсэн болон хийхээр зорьж буй ажлуудын талаар салбарынхандаа товч илтгэл тавилаа. Илтгэл мэдээллийн дараа ажилтан албан хаагчдын зүгээс салбарын удирдлагуудад сонирхсон асуултууд тавьж, хариулт авч, санал бодлоо солилцов. Ингээд зөвлөгөөний төгсгөлд хүндэтгэлийн тоглолт болж өндөрлөлөө гэж нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …