Нарангийн энгэрийн оршуулгын газарт дутуу төрсөн нярай охиныг хүн болохгүй гээд хаяад явсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших Их Нарангийн оршуулгын газарт өлгийтэй хүүхэд орхиж явсан тухай дуудлага энэ сарын 17-нд цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ дагуу шалгахад төрөөд удаагүй нярай охиныг оршуулгын газарт орхиод явсан байжээ.
Тэгвэл цагдаагийн алба хаагчид сэжигтэн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, баривчилсан байна. Нярайн ээж нь Баянгол дүүргийн IV хороонд оршин суудаг 22 настай Д гэх бүсгүй байсан бөгөөд уг хэрэгт Д-ийн төрсөн аав, ээжийг сэжиглэж байгаа аж. Д-гийн аав 49 настай А нь эхнэрийнхээ хамт 25 настай, Б гэх эрэгтэйн машиныг хөлөглөн зээ охиноо Нарангийн энгэрт орхиод явсан байж болзошгүй хэмээн шалгагдаж байна. Тиймээс тэднийг цагдан хорьж, хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Мөн гэмт этгээдүүд нярай охиныг дутуу төрсөн, хүн болохгүй гэж үзээд дээрх алхмыг хийсэн гэх мэдүүлгийг цагдаад өгсөн талаар эх сурвалж мэдээлэв. Одоо хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд Эх нялхсын эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаа аж.