Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Говь-Алтай аймагт ажиллав. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Нэгдсэн эмнэлгийн ажиллагаатай танилцаж, аймаг, сумдын удирдлага, төрийн албан хаагчидтай уулзлаа.
Говь-Алтай аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд өнөөдөр 280 гаруй оюутан 20 төрлийн мэргэжлээр 2,5 жилийн хугацаагаар суралцаж байна. 450 оюутан сургах хүчин чадалтай тус төвд автомашины засварчин, модон эдлэлийн мужаан, хүнд машин механизмын операторч, барилгын сантехникч, тогооч, талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтнууд бэлтгэгддэг аж. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн сургуулийг 2016 онд төгсөгчдийн 56,5 хувь нь ажлын байраар хангагдсан байна. Цаашид бүсийн хэмжээндээ судалгаа хийж, нийгмийн амьдралын захиалга, хэрэгцээг харгалзан, тооцоо судалгаан дээр үндэслэн сургалтын бодлогодоо шинэчлэлт хийж төрөлжүүлэх талаар анхаарах хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайд тус төвийн удирдлагуудад санууллаа. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга 30 гаруй жилийн өмнө баригдсан, их засвар хийгдээгүй удсан зэргээс шалтгаалж сургалт явуулахад хүндрэлтэй болсныг төвийн удирдлагууд уламжилж, шийдвэрлүүлэж өгөхийг хүслээ.
Нэгдсэн төв эмнэлгийнхэн дурангийн мэс засалд шаардлагатай эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт хийж өгөхийг Засгийн газрын тэргүүнээс хүслээ. Говь-Алтай аймгийн газар нутгийн байршил, уур амьсгал, ундны усны хэрэглээний онцлогоос шалтгаалж иргэдийн дунд цөсний хүүдий чулуужих өвчлөл өндөр байдаг. Иймээс орон нутагтаа иргэддээ эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлж бие даан мэс засал хийх боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Засгийн газраас энэ асуудалд анхаарлаа хандуулах болно хэмээн Ерөнхий сайд хэлсэн бөгөөд эмнэлгийн тусламжийн үйлчилгээнд шаардлагатай УАЗ Фургон автомашиныг тус эмнэлэгт хүлээлгэн өглөө.
Говь-Алтай аймгийн сумдын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, төрийн албан хаагчдын зүгээс иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. Мөн албан хаагчийн хариуцлага, ёс зүйн шаардлагыг өндөрт тавьж, илүү зардлаа танаж, хариуцаж байгаа ажилдаа сэтгэлээсээ хандан бүх боломжоо дайчилж ажиллахыг анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.