Улаанбаатар /МОНЦАМЭ. Хотын дарга С.Батболд Европын хотуудад хийх айлчлалаа өчигдөр Варшав хотоос эхлүүлсэн байна.
Европын хотуудын стандартыг нэвтрүүлэх, зарим томоохон хоттой Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг шинээр өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү айлчлалын гол зорилго оршиж байгаа аж.
Айлчлалаар Европын хотуудын цэвэрлэх байгууламжийн шилдэг шийдэл, бүтээн байгуулалт, хог хаягдлын менежмент, нийтийн тээврийн салбарт хийсэн бүтээн байгуулалт, ололт амжилттай танилцжээ.
Варшав хотод хийсэн нийслэлийн Засаг дарга С.Батболдын айлчлалын гол хэсэг тус хотын дарга хатагтай Ханна Гронкиэвич Валцтай уулзсан байна. Энэхүү уулзалтаар харилцан туршлага солилцон хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах хүсэлтээ талууд илэрхийлжээ Мөн хатагтай Ханна туршлагаасаа хуваалцахад таатай байгаагаа илэрхийлээд нийтийн тээвэр зэрэг салбарын төлөвлөлтөд мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэжээ. Варшав хотын хувьд Улаанбаатар хоттой төстэй талууд олон бий. Хүн амын тоо ч ойролцоо учраас төлөвлөлт хийгээд туршлагаас судлах, нутагшуулах боломж их аж. Хотын дарга С.Батболд хатагтай Ханнатай хийсэн уулзалтынхаа үеэр “Хоёр улс олон жилийн өмнөөс дипломт харилцаатай байж хамтран ажиллаж ирсэн. Улаанбаатар болон Варшав хотын хооронд харилцааг өргөжүүлж, хамтын ажиллагааны эхлэлийг тавьж буйдаа баяртай байна” гээд хатагтай Ханна Гронкиэвич Валцыг тааламжтай үедээ Улаанбаатар хотод айлчлахыг урилаа.
Харин өнөөдөр Хотын дарга тэргүүтэй төлөөлөгчид Унгар улсын нийслэл Будапешт хотод ажиллаж буй аж.
Эх сурвалж: Монцамэ