“Ой хээрийн түумрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулах зарим асуудал-2017” сэдэвт ой хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохиуцуулах үндэсний зөвлөлийн хурал болж байна.
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хурлыг нээн хэлэхдээ “Есөн жилийн өмнө “Ой, хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөл” анх байгуулагдаж байсан. Өнөөдрийн хурлаар гишүүн байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний өнөөгийн байдалтай танилцаж, харилцан мэдээлэл, туршлага солилцохыг зорьж байна. Бид орон нутгийн төр захиргаа, нутгийн өөрөө удирдах иргэдийн байгууллагуудын ой, хээрийн түймрээс сэргийлэх ажлын уялдаа холбоог сайжруулах үүднээс түймрийн эрсдэл бүхий аймгуудад орон нутгийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна” гэлээ.
Улсын хэмжээнд 2016 онд 14 аймгийн 61 суманд 138 удаагийн ой, хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 31,3 мянган ой, 3,2 сая га бэлчээр, нийт 3,2 сая га ой, хээрийн талбай өртөж, иргэд аж ахуйн нэгжийн өмч хөрөнгөд 1,3 тэрбум төгрөг, байгаль, экологид 10,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэхүү ой, хээрийн түймрийн улмаас дөрвөн хүн нас барж, дөрвөн хүн түлэгдэж, 41 айлын гэр, байшин, 64 өвөлжөө, хашаа, 6143 толгой мал, 6 автомашин 27766 боодол өвс шатжээ. Эдгээр тоонуудаас харахад манай оронд зөвхөн нэг жилд гарсан ой, хээрийн түймэрт олон мянган га ой мод, бэлчээрийн чухал ач холбогдол бүхий газар нутгууд өртөн байгаль, экологид асар их хохирол учирч, иргэдийн аж амьдралд түймрийн үзүүлж буй сөрөг нөлөөлөл улам ихэссээр байгаа юм.
Ой хээрийн түймэр гарах шалтгааны 96 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдогийг мэргэжилтнүүд тогтоожээ. Мөн ойн түймэр, доройтол, хомсдол нь ойд шатах материал их, түймрийн хяналт сул, түймрээс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй, ойн түймэрт хайхрамжгүй ханддаг зэрэг шалтгаануудаас болж жилээс жилд нэмэгддэг байна. Иймээс иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх замаар урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг нэмэгдүүлэх, орон нутгийн түвшинд ойн түймрээс урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг зохион байгуулах, мэдээллийн солилцоог боловсронгуй болгох замаар ойн түймэртэй тэмцэх ажлыг сайжруулах, ойн түймэр хяналтгүй тархах эрсдлийг бууруулах, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг хөрш зэргэлдээ улс орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар өргүүлэх зэрэг арга хэмжээг цаашдаа авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийн зохицуулагч Б.Хишигжаргал илтгэлдээ онцоллоо.
2016 оны Улсын хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахад гарсан зардал учирсан хохирлын хэмжээг 2015 онтой харьцуулахад түймрийн тоо 2,5 дахин, байгаль экологи, иргэд аж ахуйн нэгжийн өмч хөрөнгөд учирсан хохирол, гал түймэр унтраасан зардал 5,8 дахин буурсан боловч нас барсан хүний тоо өссөн үзүүлэлттэй байгаа судалгааг албаныхан гаргажээ хэмээн БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.