Бүгд найрамдах Өмнөд Судан Улсын Бентью хотод UNMISS ажиллагаанд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчид үүргээ амжилттай гүйцэтгэж байна.
Энэ үед батальоны хуягт тээвэрлэгчтэй эргүүлүүд болон шуурхай бүлгийн бүрэлдэхүүн түргэн шуурхай ажиллан, хүч хэрэглэх дүрмийн дагуу хаалт тавьж бүслэн, Засгийн газрын эсрэг хүчний цэргүүдээс буу сумлаж, галт зэвсэг чиглүүлэн эсэргүүцсэн үйлдлүүдэд мэргэжлийн ур чадвар гарган, зоригтой, ухаалаг хариу арга хэмжээ авч 30 орчим энгийн иргэнийг барьцаалагдах аюулаас авран хамгаалжээ.
Манай алба хаагчид UNMISS ажиллагааны мянга, мянган энхийг сахиулагчийн дунд үлгэр жишээ болон ажиллаж байна. Энхийг сахиулагч алба хаагчид БНӨСУ-ын Бентью хот дахь 120,000 гаруй хүнтэй дотоодын дүрвэгсдийн хуарангийн дотор, гадна талын аюулгүй байдлыг хангах, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хүрээнд зохиогдож байгаа агаараар болон газраар хүнс тараах ажиллагааны хамгаалалт, хол, ойрын эргүүл, цувааны хамгаалалт, энгийн иргэд, НҮБ болон бусад олон улсын байгууллагын ажилтнуудын аюулгүй байдлын хамгаалалт зэрэг үүргийг амжилттай гүйцэтгэж байна.
ЦЕГын Хэвлэл мэдээллийн төв