Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрөөс эхлэн нийслэлийн бүтээн байгуулалтад голын хайрга биш, уулын дайрга ашиглана. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчны нөхөн сэргээлтээ хийгээгүй, хууль зөрчиж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүтээн байгуулалтын улирал эхэлж байгааг үл харгалзан зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэдгийг хотын дарга онцоллоо.
С.Батболд: Нийслэлийн бүтээн байгуулалтад голын хайрга биш уулын дайрга ашиглана
Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглагдаж байгаа хайрга, дайргыг 100 хувь нийслэлийн нутаг дэвсгэрээс бэлтгэж байна. Олборлох зардал багатайгаар нь хайргыг илүү ашигладаг. Туул голын сав газраас хайргыг ихээр олборлож байна. Энэ байдал нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Хотын удирдлагууд өнгөрсөн хугацаанд тодорхой газруудаар явж шалгалт хийсэн. Ялангуяа ХУД-ийн нутаг дэвсгэр дэх Туул голын сав газар түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтод өртсөн, нөхөн сэргээлт хийгдээгүй, нүд хальтрам байдал бий болсон байсан. Тиймээс бид цаашид нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооно. Голын ай сав газар олборлолт хийхийг хориглосон 70 гаруй лицензтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох ёстой. Үүнд НМХГ хяналт шалгалт хийгээд лицензийг нь цуцлах арга хэмжээ аваач гэдгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Харин голын гольдрол буюу хуулиар заасан хэмжээнээс гадна олборлож байгаа 11 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулна. Гэхдээ эдгээрт нөхөн сэргээлт хийх шаардлага хүргүүлж байгаа.” гэлээ.
Ашиглалт явуулж буй бүх аж ахуйн нэгж Байгаль орчны төлөвлөгөөний биелэлт буюу нөхөн сэргээлтийн ажлын тайлангаа Нийслэлийн Байгаль орчны газарт ирүүлэх ёстой. Гэтэл 2016 онд 88 аж ахуйн нэгжээс ердөө 14 аж ахуйн нэгж өгчээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын суурьшлын бүсийг шинэчлэн тогтоосон. Цаашдаа энэ бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох, ашиглах зөвшөөрөл олгохгүй гэдгийг хотын дарга мэдэгдлээ. Тэрбээр “Одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттай зогсооно. Нийслэлийн суурьшлын бүсэд зөвхөн хүн эрүүл амьдрах орчныг л бүрдүүлэх ёстой.” хэмээв.
Нийслэлийн Засаг даргын дараагийн өгсөн гол мэдээлэл нь цаашид Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад голын хайрга биш уулын дайрга ашиглах талаар байв. Энэ жилийн нийслэлийн худалдан авах ажиллагааны бүх ажлын даалгаварт барилгын болон замын ажилд зөвхөн уулын дайрга ашиглахаар заасан байна. Хотын удирдлагуудын зүгээс бүтээн байгуулагчид, худалдан авагчид, иргэддээ хандан уулын дайргыг түлхүү хэрэглэхийг уриалж байгаа юм. Аж ахуйн нэгжүүд дайрга олборлох зөвшөөрөл авч болохыг хотын дарга хэллээ.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “2016 онд хийсэн шалгалтаар нөхөн сэргээх үйл ажиллагааг хангалтгүй хийсэн 4 компанид 20 сая төгрөгийн торгууль тавьж, үйл ажиллагааг нь зогсоосон. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй 3 компанид 25 сая төгрөгийн торгууль тавьж, үйл ажиллагааг зогсоох акт гарсан.” гэв.
Мэргэжлийн байгууллагын мэдээлж байгаагаар голын хайргыг угаах шаардлагагүй бөгөөд ангилж ялган 0-5 мм, 5-10 мм, 10-20 мм хэмжээтэй болгон шууд бетон зуурмагт хэрэглэдэг байна. Энэ нь хэдий зуурмагт ашиглаж болох боловч барьцалдах чанар муу авто зам болон барилгын механик, динамик үйлчлэлд бат бэх чадвараа удаан хадгалж чаддаггүй бөгөөд амархан хагарч, гэмтдэг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.