“Давс ба эрүүл мэнд” дэлхийн хөдөлгөөний санаачлагаар “Давсны талаарх мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг дэлхийн улс орнууд 15 дахь жилдээ, Монгол Улс тав дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Манай улсын хувьд энэ жил “ Давс ихтэй хоол хүнсийг мартацгаая” уриан дор зохион байгуулж байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ, НЭМҮТ, ЭМЯ, ДЭМБ хамтран өнөөдөр /2017.03.30/ ХХААХҮЯ-ны хурлын танхимд мэдээлэл хийлээ. Хуралд ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, НЭМҮТ-ийн хоол судлалын албаны дарга Ж.Батжаргал, МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд болон хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөгчид оролцов.
Манай улсын хувьд хүн амын дундах артерийн даралт ихсэлтийн тархалтаар Номхон Далайн Баруун бүсийн орнуудыг тэргүүлж байна. “Хоол, хүнс- эрүүл мэнд” гэсэн ойлголт нийтийн дунд бий болж, хоол хүнсийг зохистой сонгож хэрэглэх, эрүүл мэндээ хамгаалах хандлага нэмэгдсээр байгаа. Энэ хэрэгцээ шаардлагатай уялдуулж, хэрэглэгчдэд хэрэглээний сонголтыг нь бий болгох, бий болгосон тохиолдолд мэдээлж сурталчлах, өөрийн давуу тал болгон гаргах нь үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай холбоотой юм.
ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон “ХХААХҮЯ хоол үйлдвэрлэлийг хүний эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хөгжүүлэх бодлогоор ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд нэгдүгээрт хоол, хүнсний үйлдвэрлэлээр дамжуулан бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах зорилтыг тавьж байгаа. Хоёрдугаарт давс хэрэглэж байгаа тохиолдолд иоджуулсан давсыг сонгодог байх.
Иоджуулсан давсны үйлдвэрлэлийг тогтвортой явуулах, хэрэглээг хэвшүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай цаашид хамтран ажиллана” гэдгийг хурлын үеэр хэлэв. Мөн давс багатай хоол, хүнс үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэр төрөл, хэрэглээг нэмэгдүүлэх, иоджуулсан давс сонгож хэрэглэдэг байхад чиглэсэн арга хэмжээг НЭМҮТ-ийн санаачлагаар ХХААХҮЯ бусад холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар дурдсан юм.
Дашрамд дуулгахад, Давс их хэрэглэсний улмаас жил бүр 1.7 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барж байна. ДЭМБ-ийн урьдчилсан тооцоогоор зүрх судасны өвчнөөр 2030 он гэхэд 23.3 сая хүн, 2050 он гэхэд тэрбум болж өсөх магадлалтай аж.
ХХААХҮЯ