Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох бусад хууль, эрх зүйн актыг сурталчлах, тэдгээрийн хэрэгжилттэй танилцах, арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллаж байна.
Барилга, хот байгуулалтын яаманд ажиллах явцад иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас өмнө нь ирүүлсэн гомдол, мэдээллийн 80 гаруй хувийг Төрөөс орон сууцны талаар баримталж буй үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй түрээсийн орон сууцтай холбоотой асуудал эзэлж байсан байна.
Иймд Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан чиг үүргийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаар тушаалаар батлагдсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын хүрээнд түрээсийн орон сууцтай холбоотой үйл ажиллагаа, сонгон шалгаруулалт, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй байлгах, түрээсийн орон сууцны үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан гаргасан хөрөнгө, оруулалтыг зориулалтын дагуу захиран зарцуулах, түрээсийн орон сууцыг бусдад дамжуулан түрээслүүлсэн, хөлслүүлсэн зэрэг журамд заасан хориглолтыг зөрчих асуудалд хяналт тавьж ажиллах талаар “Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-т зөвлөмж хүргүүлээд байна.
Эх сурвалж: АТГ