Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурлын нээлтийн ажиллагаа боллоо.
Хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р. Глассер нар оролцон үг хэлсэн.
Өнөөдрийн хуралдаанаар манай улс Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Азийн сайд нарын бага хурлаар баталсан Нью Делигийн тунхаглал, Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг, амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагналаа. Мөн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад ямар асуудлуудад анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар хэлэлцлээ.
Түүнчлэн 2018 онд Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм.
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Азийн түншлэлийн хуралдаан нь өнгөрсөн оны 11-р сард БНЭУ-ын Нью Дели хотноо хуралдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал”-аас хойш зохион байгуулагдаж буй анхны бүс нутгийн хэмжээний хурал болж байгаагаараа онцлог юм” гэж тэмдэглэлээ.
Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер, “Бид Монгол Улсыг гамшгийн эрсдлийг бууруулах салбарт томоохон дорвитой амжилтууд гарган ажиллаж байгаа орны хэмээн хүлээн зөвшөөрдөг. Үүний илрэл нь Монгол Улсын Их Хурлаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргасныг дурдах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Ирэх тавдугаар сард Мексик улсад Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн чуулган болно. Энэхүү хуралд дэлхийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх орнуудын төлөөлөгч оролцоно. Монгол Улсыг төлөөлж Шадар сайд У.Хүрэлсүх оролцох болсонд таатай байна. Түүнчлэн Монгол Улсад 2018 онд болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал зохион байгуулагдах болсонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Цаашдаа гамшгийн эрсдэлийг бууруулахад бүхий л талаар хамтран ажиллах болно” хэмээн онцоллоо.
Онцгой байдлын ерөнхий газар