Дэлхийн 120 гаруй оронд салбар төлөөлөлтэй Bloomberg сувгийн сэтгүүлч Майкл Коун Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгатай ярилцахдаа салбарын бодлого төлөвлөлт, өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын тухайд хөндөв. Ярилцлагын эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд монголын эрчим хүчний салбараас барьж буй бодлогыг тодруулж, гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт ямар үр дүн үзүүлж буйг сонирхсон юм. Мөн сайжруулсан шахмал түлш түүхий нүүрсний хэрэглээг орлох боломж болон системийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүч хэдэн хувь эзэлж буйг асууж байлаа.
Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Манай улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг 30 хувьд хүргэх томоохон зорилт дэвшүүлсэн. Үүний тулд дэлхий нийтэд үйлдвэрлэлийн өртөг нь буурсаар байгаа сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг монголын хөрсөнд буулгаж, хуулиндаа тодорхой зохицуулалт хийх шаардлага бий. Тиймээс цаашид хөрөнгө оруулагчдын зүгээс үнийн уян хатан нөхцөлтэй байх босго тавина” гээд салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бодлого үйл ажиллагааны тухайд мэдээлэл өглөө.