Эрчим хүчний салбарын 2017–2018 оны хамтын тарифын хэлэлцээрийг баталгаажуулж, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал, Монголын Эрчим хүчний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Эрчим хүчний салбарт нийгмийн түншлэлийг хэрэгжүүлэхэд зорилго чиглэж буй уг хэлэлцээрт салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудлыг нь шийдвэрлэх, компаниудыг үр ашигтай ажиллуулах зэрэг зүйл заалт тусгагджээ.
Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 384,000 төгрөг бөгөөд хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдлийг 20 хүртэл хувиар олгох, удирдлага, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөхөд уг хэлэлцээрийг үргэлжлүүлэн мөрдөхөөс гадна нэмэлт, өөрчлөлт оруулж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүрт тухайн журмыг дагаж мөрдөхөөр баталж байна. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан “Нийгмийн түншлэлийн энэ баримт бичиг нь хоёр жилд нэг удаа шинэчлэгдэн батлагддаг. Манай салбарын хувьд ес дэх удаагаа энэ хэлэлцээрийг шинэчлэн байгуулж буй юм. Энэ жилийн хэлэлцээрийн хувьд Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 хүртэлх хувиар нэмэгдүүлэх тухай заалт орсноороо онцлог болж байна” гэдгийг тодотголоо.
Эрчим хүчний салбарын 2015-2016 оны хамтын тарифын хэлэлцээр нь 8 бүлэг, 67 заалттай бөгөөд ажилтнуудын цалин, нэмэгдэл хөлс, олговор, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, орон сууцаар хангах, ХАБЭА-н зардал, ажлын байранд мэргэшүүлэн сургах болон ажлын байрны баталгааг хангах, нийгмийн хамгааллын асуудлуудыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг зохицуулсан байдаг.
Эрчим хүчний салбарын 2015-2016 оны хамтын тарифын хэлэлцээр нь 97,0 хувийн биелэлттэй байгааг энэ үеэр тодотгов.
ЭХЯ