Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн гишүүдийн цалингийн талаар зарим хэвлэлд ташаа мэдээлэл гарсан хэмээн мэдэгдлээ.
Тэрээр ярихдаа, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 25 сая төгрөгийн цалинтай ТУЗ-ийн гишүүд нь 4000 ам. долларын цалин авч байна хэмээн Ikon.mn сайт мэдээлсэн. Тухайн мэдээлэлд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор тус үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүд 240 мянган төгрөгийн цалинтай гэж мэдэгдсэн хэрнээ бодит байдал дээр 40 дахин нэмсэн цалин авч байгаа хэмээн гаргасан. Ингэхдээ албан бичгийн санааг нь алдагдуулж гол зүйлийг харлуулан дарсан байсан. Тиймээс өнөөдөр би бодит мэдээллийг өгөхөөр хэвлэлийн бага хурал зарласан юм. Манай газар төрийн өмчит компанийн захирал, ТУЗ-ийн гишүүдийн цалингийн хэм, хэмжээг тогтоодог байгууллага болохоос биш хичнээн ажилтантай байх вэ гэдгийг шийддэггүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын цалинг 10 мянган ам. доллараар тогтоох асуудлыг манай газар шийдсэн.
Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал 20-25 мянган ам. долларын цалин авдаг байсан. Тиймээс Засгийн газрын тогтоолын хүрээнд 50 хувиар бууруулж, тус үйлдвэрийн захирлын цалинг 10 мянган ам. доллар байх нь зүйтэй гэж үзсэн. Энэ бол шинэ зүйл биш ээ. Өмнө нь явж ирсэн зүйл. Гэнэт нэг шөнө хуралдаад шийдчихээгүй. Есдүгээр сараас хойш ажлын хэсэг байгуулагдаж ажилласан.
Шинэ ТУЗ-өөс 2016 оны 12 дугаар сарын 13-нд 14 санал бүхий албан тоот ирүүлсний дагуу дээрх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ дагалдах бүх зардлыг танасан байгаа. Тухайлбал, эмчилгээнд зарцуулах зардал, жилд нэг удаа гэр бүлийн гишүүний хамт амрах, аялах зардал, нийслэлд 4-5 өрөө байрыг үйлдвэрийн зардлаар авахыг болиулсан. Мөн нэг хүүхдийг гадаадад сургах зардлыг компани даах саналыг цуцалсан. Өөрөөр хэлбэл 14 саналын 10-ыг нь зөвшөөрөөгүй. Гэтэл үүнийг буруу тайлбарласан байна билээ. Дээрх зардлуудыг танасан учир цалинг 10 мянган ам. доллар хэмээн шийдсэн.
Ер нь өмнөх захирлууд маш их хэмжээний хангамж эдэлдэг байсан. Харин энэ удаад дийлэнх хангамжуудыг үгүй болгосон. Өмнө нь тус үйлдвэрийн цалингийн асуудлыг олон улсын гэрээний дагуу нууцалдаг байсан. Төр ч мэддэггүй байлаа. Харин энэ удаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Засгийн газрын тогтоолын дагуу цалин хангамжийг танаж тогтоосон. Гэтэл энэ бүхнийг хэвлэлийнхэн гуйвуулан мэдээлсэн нь харамсалтай гэв.
ТУЗ-ийн гишүүдийн цалинг 40 дахин нэмэгдүүлсэн үү гэсэн асуултад, Тэрээр “ТУЗ-ийн гишүүний цалинг 4000 ам.доллар болгоогүй. Засгийн газрын тогтоолоор ТУЗ-ийн гишүүний цалинд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө олгодог. Өмнө нь 240 мянган ам.долларын цалинг ТУЗ-ийн гишүүдэд олгодог байсан юм билээ. ТУЗ-ийн гишүүдийн цалинг өөрчлөн тогтоохын тулд Засгийн газраас дахин тогтоол гарах ёстой. Би Засгийн газрын тогтоолын хүрээнд л ажиллана” хэмээв.
montsame.mn