Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Киргизийн Социал Демократ намаас 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж буй парламентын гишүүн Алтыбаева Айнуру Тойчиевна, парламентын гишүүн Аида Касымалиева, “Каныкей эне” нийтийн сангийн ерөнхийлөгч Перизат Суранова нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгч эмэгтэйчүүд оролцсон юм. Тэд орон нутагт эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны байдал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй гишүүдэд тулгардаг бэрхшээл болон боломжийн талаар ярилцаж, туршлага солилцлоо.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Та бүхнийг манай оронд хүрэлцэн ирж, туршлага солилцож буйд талархал илэрхийлье. Манай улсад өнгөрсөн онд сонгууль болж өнгөрснийг та бүхэн мэдэж байгаа байх. Сонгуулийн үр дүнд УИХ-д 13 эмэгтэй гишүүн, НИТХ-д 10 эмэгтэй төлөөлөгч сонгогдон, ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог их дэмжих болсон. Энэ утгаараа бид бүхэн сонгогдоод улс эх орныхоо нийгмийн асуудалд түлхүү анхаарч ажиллаж байна. 2015 онд МАН-аас нэгэн томоохон судалгааг ард иргэдийн дунд явуулсан. Судалгааг эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, гэр бүл, нийгмийн оролцоо зэрэг бүхий л өнцгөөс нь хийсэн. Өнгөрсөн сонгуулиар ард иргэддээ өргөн барьсан мөрийн хөтөлбөрийг уг судалгаанд үндэслэн боловсруулсан учраас бид маш том амжилт байгууллаа. Харин одоо мөрийн хөтөлбөрийнхөө дагуу ажиллаж байна. Манай улсад өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо ихэсч, эрчүүд нь эдийн засгийн байдлаас хамааран гадагшаа ажиллахаар олноор гарч, гэр бүл салалт нэмэгдэж байгаа. Энэ асуудлыг МАН-ын УИХ, НИТХ, дүүргийн ИТХ-д байгаа эмэгтэйчүүд нэгдэн шийдэхийн төлөө зорьж байна” гэсэн юм.
Киргизийн парламентын гишүүн Алтыбаева Айнуру Тойчиевна “Аливаа улс орны улс төрд ажиллаж буй эмэгтэйчүүдийн зовлон бэрхшээл ялгаагүй байх. Киргизийн хувьд өнгөрсөн оны орон нутгийн сонгуульд 860 эмэгтэйг сургалтад хамруулсан. Түүнээс 440 эмэгтэй нь нэр дэвшиж 109 нь сонгогдсон. Бидний хувьд орон нутгийн төлөөлөгч парламентын гишүүд хоорондын ажлын уялдаа маш сул байгаа нь ажиглагддаг. Тиймээс орон нутгийн төлөөлөгчид болон парламентын эмэгтэй гишүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулхын тулд удахгүй бага хурал зохион байгуулах гэж байгаа” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.