Цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг танилцуулав

Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллага, ШШГБ, ТЕГ-ын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг танилцуулах арга хэмжээ өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр, ахлах референт Ж.Амгалан нар танилцуулгыг хийсэн юм. Уг арга хэмжээнд Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллага, ШШГБ, ТЕГ-ын удирдлагууд, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр энэ үеэр цэргийн алба хаагчдын цол, ялгах тэмдгийг дэлхий нийтийн жишигт нийцүүлэх чигийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зүгээс өгснийг танилцуулав. Монголд ахлах офицеруудын цол, ялгах тэмдэгт таван хошуу, бусдад нь өлзий тэмдгийг хэрэглэж байгаа. Дэлхий нийтийн жишгээр бүгдээрээ таван хошуу хэрэглэдэг.

Мөн дүрэмт хувцасны стандартыг зарим байгууллага Засгийн газраар, зарим газар нь эрхэлсэн сайдын хэмжээнд тогтоодог. Алийг нь Ерөнхийлөгчийн хэмжээнд батлах ёстой вэ гэдгийг мөн хэлэлцэх шаардлагатай байгаа. Энэ талаар санал солилцох  уулзалт хийж байна гэлээ.

Ахлах референт Ж.Амгалан цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварын танилцуулгыг хийлээ. Шинэчилсэн загварууд дээр холбогдох байгууллагууд санал нэгдвэл Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг удахгүй өргөн барих юм байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …