Сүүлийн жилүүдэд улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудад өвөлжиж хаваржиж байгаа малчин өрх, малын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус бүс нутгуудад мал, амьтны гоц халдварт өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор отрын бүс нутгуудад мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, отрын бүс нутаг хариуцан ажиллаж буй мэргэжилтэн, боловсон хүчний малын өвчний талаарх мэдлэгийг дээшлүүлэх, малын өвчинтэй тэмцэх арга барилыг эзэмшүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Мал эмнэлэг үржлийн газар, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори хамтран “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн санхүүжилтээр отрын бүс нутаг хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалт 2017 оны 04 дүгээр сарын 06-10-ны хооронд үргэлжлэх юм.
Тус сургалтад “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа”-ны төв болон орон нутгийн нийт 14 мэргэжилтэн хамрагдаж байна. Энэхүү сургалтын хүрээнд малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга барилыг эзэмших юм. Түүнчлэн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслөөс АДОБАЗ-ны захиргааны албан хэрэгцээнд зориулж нийт 9 мотоцикл, 22ш худгийн мотор, 11ш худгийн насос, 9 суурин компьютер, 2ш зөөврийн компьютер, дрон, оффисийн тавилгыг тусламж болгон олгов. Уг арга хэмжээнд Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга П.Ганхуяг, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга О.Амгаланбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
ХХААХҮЯ