Өнөөдөр Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр

Замын цагдаагийн албанаас жил бүрийн 4 дүгээр сарын 10-ны өдрийг “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” болгон өнгөрүүлдэг.

“Зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд таниулах, тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг, дадал олгох, зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, эцэг, эх, асран хамгаалагч, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх”-д зорилго нь оршдог.

Өдөрлөгийг энэ жил 4 дэх жилдээ өнөөдөр 10:00-15:00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн  Тусгаар тогтнолын талбай дээр зохион байгуулагдах гэж байна.

Сүүлийн 6 жилийн /2010-2016/ зам тээврийн ослын статистик үзүүлэлтээс харахад улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 7,150 бүртгэгдэж, 7,410 хүүхэд өртсөн байна. Зам тээврийн ослын улмаас нийт 300 хүүхдийн амь нас хохирч, 7,110 хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Энэ нь Ерөнхий Боловсролын Сургуулийн 6 анги үгүй болж, 142 ангийн сурагчид ямар нэгэн байдлаар гэмтэж, бэртсэн дүн мэдээ харагдаж байна.

Эдгээрийг насны байдлаар нь авч үзвэл 0-14 насны буюу ид хөгжиж, өсөн торниж буй хүүхдүүд зам тээврийн ослын улмаас хохирч байгаа нь судалгаанаас харагддаг.

2017 оны эхний 3 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаж, 34 хүүхэд хүндэвтэр, хүнд байдлаар гэмтсэн. Энэ судалгаанаас үзэхэд нас барсан хүүхдийн 92 хувь нь орон нутагт автомашинд зорчигч хэлбэрээр, гэмтсэн хүүхдийн 52 хувь нь нийслэлд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

Үүнээс үзвэл эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүс хэрэглэдэггүй, буруу тээвэрлэдэг, орон нутгийн замд хурд хэтрүүлдэг, дүрэм зөрчдөг.

Харин нийслэлийн хэмжээнд хүүхдүүд гарцгүй газраар зам хөндлөн гарах, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, замын зорчих хэсэг болон ойролцоо тоглох, сургууль, цэцэрлэгийн зам орчин нь стандартын дагуу тохижуулагдаагүй түүнчлэн эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулдаг, хүүхэдтэйгээ хамт явж байхдаа замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг олгодоггүй, буруу үлгэр дуурайлал үзүүлдэг, хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй байх боловч дадал суугаагүй, жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй зэрэг нь осолд өртөх нөхцлийг бүрдүүлж байна.

Иймд эцэг эхчүүд хүүхдийн хамгаалалтын суудал, хамгаалах бүс тохируулагч, суудал өндөрсгөгч гэх мэт аюул, ослоос хамгаалах хэрэгслийг Хэрэглээ болгон хэрэглэж хэвших, хүүхэддээ замын хөдөлгөөнд оролцох дадлыг багаас нь хэвшүүлэх, зөв үлгэр дууриалал үзүүлэх, хүүхдийг автомашинд зөв тээвэрлэж замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. 

Хамгийн чухал нь таны хүүхэд муу сурлаа гээд үхэхгүй, харин замын хөдөлгөөнд буруу оролцсоноороо амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй гэдгийг байнга санаарай.

ЗЦА

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …