Dragon Steel Corp.

“Зэс хайлуулах үйлдвэр”-ийн ТЭЗҮ мөнгө хийх арга болсон уу

Dragon Steel Corp.

              Зэс хайлуулах үйлдвэрийн сураг алдарсаар л. “Эрдэнэт үйлдвэр”-ийн үе үеийн уурхайчид, эрдэнэтчүүдийн өнөөгийн хүсэл, мөрөөдөл нь энгэртээ эрдэнэтэй их уулынхаа бэлд Зэс хайлуулах үйлдвэр байгуулах явдал хэмээвэл нэг их хадуурсан болохгүй. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн амлалт мөн л “Зэс хайлуулах үйлдвэр” тойрсон сэдэв байсан. Бүр зарим нэг нэр дэвшигч зурагт номон дээр Зэс хайлуулах үйлдвэр байгуулаад Эрдэнэтийн 1500-2000 иргэн энд ажилд орчихсон сайн сайхан амьдарч байна гээд бичсэнийг яана гээч.

Өнгөрсөн сарын эхээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар Өмнөговь аймгийн Ханбогд суманд Зэс хайлуулах үйлдвэр барих шийдвэр гаргалаа. Хөрөнгө оруулагчийг сонгох, хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл хийх үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид даалгасан. Засгийн газраас гаргасан энэхүү шийдвэрт “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үнэ төлбөргүй эзэмшинэ. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нь жилд “нэг” сая тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ийм хэмжээний баяжмал боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр нь байршлын хувьд түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, эрчим хүч дамжуулах зардал бага зэрэг давуу талыг харгалзан Оюутолгойн ордын дэргэд Ханбогд суманд байрлах нь тохиромжтой гэж салбарын яам, мэргэжилтнүүд нь үзсэн” хэмээн туссан байна.

Бидний мэдэхээр Монголын Засгийн газраас Зэс хайлуулах үйлдвэр барих шийдвэрийг нэлээн хэдэн удаа гаргасан. Хамгийн сүүлд л гэхэд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Хэнтийн Бор-Өндөрт Зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай шийдвэр гаргаж байсан удаатай. Дараагийнх нь МАН-ын тэргүүлсэн Ж.Эрдэнэбатын Засгийн газар Өмнөговийн Ханбогдод Зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай шийдвэр гаргаж байна. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр жилдээ 560 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн дэлхийн зах зээлд гаргадаг. Эндээс 100 гаруй мянган тонн цэвэр зэс гарна гэж тооцдог. Эрдэнэтэд ийм үйлдвэр байгуулбал мянга гаруй хүн ажилтай, орлоготой болно гэж үздэг. Гэтэл өнөөдрийн байдлаар Эрдэнэтчүүдийн зэс хайлуулах үйлдвэртэй болох мөрөөдөл таягдан хаягдаж зүгээр л “Горьдсоны гарз” болох нь.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Хэнтийн Бор-Өндөрт барих жилдээ 500 мянган тонн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-г 580 шахам мянган ам.доллараар хийсэн байдаг. Энэхүү 580 шахам мянган ам.доллар нь “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн данснаас гарсан тухай дуулдсан. Эндээс харвал Бор-Өндөрийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулсан, тооцсон хүмүүс нь тухайн үедээ “Эрдэнэт үйлдвэр”-ийг удирдаж байсан Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу нар байсан гэж ГОК-ынхон одоо ч ярьдаг. Энэ хоёр хүн хамтдаа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан, тэр зүгийн хүмүүс хэмээгддэг. Тэгвэл өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн зөвлөхөөр ажилладаг гэнэ. Ц.Даваацэрэн захирлын зөвлөснөөр Монголд зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэтэд биш, Бор-Өндөрт ч биш, нутагтаа Өмнөговийн Ханбогдод барих шийдвэр гаргуулахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид танилцуулсанаар Засгийн газрын хуралдаанд оруулсан байж таарах нь.

Засгийн газрын шийдсэн жилдээ нэг сая тонн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ-г боловсруулахад хоёр сая ам.долларын өртөг гаргах гэж байгаа бололтой. Ийм хэмжээний мөнгийг эргээд “Эрдэнэт үйлдвэр” гаргах тухай яригдаж эхэлжээ. Энэ бүхнээс харвал Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ хийдэг мэргэшсэн хүмүүс бий болж, хөрөнгийг нь “саалийн үнээ” гаргадаг, төлдөг гаж жишгийг МАН, АН-ын хэтэвч нэгтэй эрхмүүд Монголд нутагшуулж “ноён ногоон”-ыг саадаг болжээ гэж үзэж болох нь. Энгийнээр хэлбэл томчуудын дунд “Зэс хайлуулах үйлдвэрийн төсөл хийх” гэдэг уул уурхайд ашиггүй ч өөрт нь унац ихтэй нэг төрлийн биеэ даасан бизнес эрчимтэй хөгжөөд байна, Монголд.

Зэс хайлуулах үйлдвэр барих тухай асуудал яригдаж эхлэхтэй зэрэгцэн сөрөг мэдээлэл нийгэмд тарааж эхэлсэн. Зэсийн баяжмалаас цэвэр зэс гаргахад хүхрийн хүчил гэдэг хүн, амьд организмд маш хортой хорт хий ялгардаг хэмээн яриа гарч эхэлсэн. Тэр нь ч үнэн гэж мэргэжилтнүүд ярьдаг. Тэгвэл дэлхий дээр зэс хайлуулах үйлдвэр байгуулсан Хятад, Авсртали, Австри, Герман зэрэг өндөр хөгжилтэй олон орон аюултай хүхрийн хүчлийг байгаль орчин, хүнд ямар ч аюулгүй аргаар ялган авч өөр зүйлд ашигладаг ажээ. Тэр тусмаа хүхрийн хүчил ялгаруулдаг зэс хайлуулах үйлдвэрийг томоохон хотынхоо дотор нь барьчихсан газар олон бий. Өөрөөр хэлбэл хүн, байгаль орчинд хоргүй технологийг зэс хайлуулах үйлдвэрт ашиглаж байгаа гэсэн үг. Манай улсын хувьд зэс хайлуулах үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийг Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын ордны фосфортой хольж химийн бордоо үйлдвэрлэж болох том боломж гарч болох тухай мэргэжлийн хүмүүс ярьж байна. Хүхрийн хүчлийг хуурайгаар нь гаргаж аваад цемент шиг шуудайлна. Шаардлагатай тохиолдолд буцаагаад уусмал болгон ашигладаг технологийг дэлхийд гаргаад авчихжээ. Нөгөө талдаа хүхрийн хүчлийг Бүрэнхааны фосфоритын бордоотой холиод хөрс борддог бордоо болгон түүнийг дэлхийд гаргавал ам.доллар манайх руу урсана гэсэн судалгаа, тооцоо ч хийгдсэн тухай дуулддаг. Саяханыг хүртэл Эрдэнэтэд яагаад зэс хайлуулах үйлдвэр баригдахгүй байгаа шалтгааныг албан бус байдлаар ингэж тайлбарлаж, ухуулж байсан удаатай. “Зэс хайлуулах үйлдвэрээс гарах хүхрийн хүчил маш хортой. Эрдэнэтийн 100 гаруй мянган хүнийг хордуулсанд орвол Бор-Өндөрийн 10 мянган хүн дээр туршсан нь зөв” гэж ирээд л Эрдэнэтээс холдуулах шалтгаанаа тайлбарлаж байсан. Нэг үгээр Бор-Өндөрчүүдийг туршилтын туулай болгоно гэсэн үг л дээ. Өнөөдрийн Засгийн газар Өмнөговийн Ханбогдод зэс хйалуулах үйлдвэр барих шийд гаргасан нь Бор-Өндөрчүүдийг хамгаалж, хайрласандаа ч тэр биш байх. Харин нэг сая тонн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ-г хоёр сая ам.доллараар хийх гэж байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй. ТЭЗҮ-гээр мэргэшсэн нөхдүүд үе үеийн Засгийн газарт нөлөөлж үйлдвэр барих газар, үйлдвэрийн хүчин чадлыг нь нэмсэн төсөл боловсруулж байгаа нь нэг ёсондоо мөнгө хийж байгаа үйлдэл л болов уу.

Нэгэн үе “Эрдэнэт үйлдвэр” компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн захирал өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Ц.Дашдоржийн зөвлөх, хоёр тэрбум ам.долларын өртөгтэй төслийн захирлаар ажиллаж, зэс хайлуулах үйлдвэр байгуулах төслөөр мэргэшиж байгааг уурхайчид нэг л ойлгохгүй байна. Ямар сайндаа л зарим нэг нь “Даваацэрэн захирал биднээс нүүр буурууллаа гэж үү” хэмээн гайхаж сууна. “Хүний хүү хүрэн бөөртэй гэдэг” үнэн юм даа.

Erdenetnews.mn

Санал болгох мэдээ

“Эрдэнэт”, Хөтөл цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой нэмэлт мөрдөн байцаалтад буцсан хэргийг шүүхэд шилжүүлэх ажлыг шуурхайлах үүргийг Ерөнхий сайд өгчээ

Өнгөрөгч долоо хоногт УИХ Засгийн газраас өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн баталсан. …