Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ даргалан явуулав.
Сайдын зөвлөлийн хуралдаанаас Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 350 дугаар ангийн хээрийн дадлага сургалтын үеэр хоёр цэргийн алба хаагч амь үрэгдсэн ноцтой хэрэгт шууд хамаарал бүхий ажил хариуцсан албан тушаалтнуудад холбогдох хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож гурав хоногийн дотор буюу 2017 оны 4 дүгээр сарын 21-ний дотор илтгэхийг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д.Даваа/- д үүрэг болголоо.
Мөн цэргийн алба, сахилга, дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, зэвсэг, галт хэрэгсэлтэй холбоотой зөрчил дутагдлуудыг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Зэвсэгт хүчний Жанжин штабт хариуцуулав.
Батлан хамгаалахын сайдын энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч /хошууч генерал З.Болдбаатар/-т даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.