УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой цөөн хором ярилцлаа.
-Та хуулийн байгууллагад олон жил ажилласан хүн. Гэтэл Тагнуулын газрын дарга байсан хүн таны талаар ноцтой мэдээллийг дэлгэсэн нь нийгэмд шуугиан тариад байгаа. Үүнд тодорхой тайлбар өгөхгүй юу?
-Энэ бол миний санаа зовох асуудал биш. Ж.Баатар гэдэг хүн намайг Хятадын тусгай албанд элссэн, эх орноосоо урвасан гэж 25 жилийн ял тулгаад олон жил болж байна. Энэ хэргийг тагнуулын байгууллага шалгаж, 2004 онд шүүх хурал болж Ж.Баатарыг гурван жилийн хорих ялаар шийтгэж байсан. Мөн өөрийнхөө гарын үсэгтэй төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайдын оролцоотойгоор тагнуулын байгууллагын өөрийн хэргийнх нь тусгай ажиллагааны материалыг хулгайлж, задлаад, улсын нууц задруулсан хэргээр долоон жилийн ял авсан байдаг. Энэ хоёр ял нь нийлээд 10 жилийн хорих ялаа эдэлж байгаад гарсан.
-Мэдээж та ярилцлагыг нь уншсан л байх?
-Тийм ээ, би тэр ярилцлагыг нь үзсэн. Их аюултай зүйл ярьж байсан. Тагнуулын газрын дарга байгууллагынхаа нууцыг хүртэл задалж байгаа нь намайг хорлох биш улсаа хорлож байна.
-Гэхдээ тэр хүн яагаад гэнэт гарч ирэв. Бас яагаад таны талаар ярих болов гэдэг нь сонирхолтой. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Намайг нэр дэвшээд, гарчих вий гэж айсан хүн зөндөө байна. Түүнээс гадна өс хонзонгийн сэдэл ч байх шиг байна. Ер нь сонгууль дөхөөд л зарим хүний зүрхний хий хөдөлж байх шиг байна.
-Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна гэснээс та нэр дэвших үү. Тийм бодол, боломж бий юу?
-Энэ бол миний хүслээр шийдэх асуудал биш. Одоохондоо ямар нэг тайлбар хэлэхгүй.
-Яагаад тэр вэ. Гэхдээ таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай талаар олон хүн ярьж байна шүү дээ?
-Миний ярьж байгаа олон асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж, ярьж байна. Тэгэхээр миний хийж байгаа зүйлсийг битгий Ерөнхийлөгчийн сонгуультай холбоорой. Энэ улсад аливаа асуудал болохгүй байна, төр нь төр биш болсон учраас эрүүл хэвийн төртэй болох шаардлага байна гэдгийг л би хэлээд байгаа юм. Энэ улсад төрийн дампуурал нүүрлээд байгаа учраас ингэж ярихад хүрлээ.
-УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийснээс хойш хэд, хэдэн хуулийн төслийг хэлэлцэн, баталлаа. Гэвч Засгийн газрын зүгээс УИХ-д концессын гэрээний асуудлыг оруулж ирээд байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Манай улс ОУВС-гийн зээлд хамрагдахаар болсон. Харин үүнтэй холбоотой хэд, хэдэн ноцтой тохиролцоо байна гэж харж байна.
-Ямар тохиролцоо билээ?
-Өмнө нь хийгдсэн концессын гэрээнүүдэд аудитын шалгалт хийх, бодит санхүүжилт хийнэ гэсэн тохиролцоо. Түүнчлэн ойрын хэдэн жил концессын гэрээг хийхгүй гэсэн тохиролцоо байна. Төсвийн тодотгол хэлэлцэж байх үед хэд хэдэн концессын тухай асуудлыг ярьсан. Зарим концессыг сайд нар нь авч байгаа гэсэн яриа хэлэлцээр ч явж байна. Түүнийгээ үнэн зөвөөр нь тодорхой болгохын тулд Ажлын хэсэг гаргах ёстой гэдэг саналыг би байнгын хорооны хурал болон бүлгийн хурал дээр ч хэлж байсан. Үүнээс гадна Засгийн газар байгуулагдсанаас хойш зөвхөн төрийн ажил, Засгийн газрын ажлаа хий, хувийн компанитай холбоотой ямар нэгэн яриа шийдвэр байж таарахгүй шүү гэдгийг хэлж байсан. Одоо ч энэ байр суурь дээрээ байна.
-Та УИХ-ын чуулганы хуралдааны үеэр концессийн гэрээний талаар гишүүд мэдээлэлгүй байна гэж хэлж байгаа харагдсан. Энэ үнэн үү?
-Хэрвээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа зүйл үнэн бол Засгийн газар алдаагаа засах хэрэгтэй. УИХ дахь МАН-ын бүлгээс Ажлын хэсэг байгуулж, шалгалт явуулж байгаа. Энэ дүнг л хүлээх үлдэж байна. Энэ Засгийн газар хувийн сонирхлоос хол байж шударга байх ёстой гэсэн зарчимтай л байгаа юм.
-Өнгөрсөн парламентын үед УИХ “МАК” компанид давуу эрх олгож “Цагаан суварга”-ын ордыг өгсөн. Гэтэл одоо дахиад зам, эрчим хүч гэх мэт бүтээн байгуулалтыг нь төр хийх гэж байгаа нь өөрөө хэр зөв шийдвэр вэ?
-Ер нь бол Засгийн газрын гишүүн болсон тохиолдолд тэр хүний хувийн амьдралтай холбоотой асуудал ашиг, сонирхлын зөрчил гэх мэт хуулиар хязгаарлагдах ёстой. Одоо бол эрчим хүчний шугам, замаа өөрсдийн хөрөнгөөр барих ёстой, тэр МАК компани.
-Засгийн газарт хариуцлага тооцох эрх нь парламентад бий. Гэвч ард түмэн үүнийг хэлэхээс өөр зүйлийг хийж чадахгүй. Харин та УИХ-ын дэд даргын хувьд Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндөх үү?
-УИХ-ын гишүүдийг нүүрсний арилжаанд оролцох оролцоог нь Ерөнхий сайд хаасан учраас гишүүд бухимдаж байна гэж концессын гэрээний асуудлыг мушгисан байсан. Бүлгийн хурал дээр ч, байнгын хорооны хурал дээр ч зөвхөн концессын гэрээнээс болж гишүүд бухимдсан, шүүмжилсэн, маргасан. Нэг концессын гэрээ хийгээд үнийн дүнг нь 4-5 дахин нэмдэг ноцтой асуудал өмнөх Засгийн газрын үед гаргасан.
Тиймээс бид өмнөх Засгийн газрын алдааг давтахгүйн тулд концессын гэрээний асуудлыг шалгах нь зөв гэж үзэж байгаа юм. УИХ-ын гишүүдийн бухимдах нь зөв шүү дээ. ОУВС-гийн хөтөлбөрт орж байгаа бол ар хударгаар нь концессын гэрээг сайдад өгөх, үнийн дүнг нь нэмэх асуудал байж болохгүй. Ямар ч гэсэн Ажлын хэсэг тэр концессын гэрээг нь шалгаж, нэгдсэн дүнгнэлт гаргах байх.
Эх сурвалж: